Х.Баттулга: Хүүхдийг зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх ёстой

access_time 2017-11-24
remove_red_eye 1312

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр энэ үеэр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж алсан гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байна хэмээн мэдэгдэв. Тэрбээр цааш хэлэхдээ “Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна. Тиймээс энэ асуудлуудад төр анхаарлаа хандуулахаас аргагүй юм. Очир төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой. Нийгмийн энэ мэт үзэгдлүүдэд төрийн хатуу бодлого шаардлагатай. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг олон нийтээрээ 70,700 хоног бмш үргэлж тэмцдэг байх ёстой. Миний зүгээс ТЕГ, ЦЕГ, прокурорт хүний наймаа, хүний эрхтний наймаа, гэмт хэргийн үүр уурхай болсон дэн буудлуудын асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсэг байгуулж ажиллуулах нь зөв гэж үзэж Ажлын хэсэг байгуулсан. Хэлэхээс сэтгэл эмзэглэмээр хэргүүдийг Хүний эрхийн үндэсний комиссын тоон баримтад дурьдаж байна. Энх цагт бид дайны үед амиа алдсан хүмүүсээс олон хүн, хүүхдийг жилийн дотор алдаж байгаа аймшигт тоо байна. Түүнчлэн хүүхдийг хүчирхийлсэн, балмад зэрлэгээр амь насыг нь хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан байгаа. Мөн Ерөнхийлөгч байх хугацаандаа ийм хэрэг хийсэн хүнд уучлал үзүүлэхгүй. Тиймээс цаазын ялын асуудлыг эргэн харах нь зүйтэй” гэсэн юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөний 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй хүүхэд байна. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэргийн тоо юм. Гэтэл энэ бүртгэгдсэн хэргийн 47 хувийг хэрэгсэхгүй болгожээ. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны буюу насанд хүрээгүй 1613 эх амаржиж, 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн харамсалтай тоо байна. Энэ тоо бол зөвхөн улсын эмнэлэгт хийгдсэн үр хөндүүлэх мэс ажилбар хийлгүүлсэн тоо юм шүү. 7 настай хүүхэд хүчирхийлэлд өртөөд тун хүнд байдалтай эмнэлэгт ирэхэд эмч нар арай ядаж амийг нь торгоож аварсан. Хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал зогсохгүй байна. Энэ байдлыг яах вэ. Нөгөөтэйүүр хөдөө мал маллаж байгаа хүүхдүүд хүнд нөхцөлд боолын хөдөлмөр эрхэлж байна гэж хэлэхээс арга алга. Нийгмээс хол, сургууль боловсролгүй өсч байгаа эрэгтэй хүүхэд ямар хүн болох вэ. Энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Мөн Хүний эрхин үндэсний комиссоос гаргаж буй дүгнэлтийг хүлээн авч танилцаад ажил болгохдоо хайнга дутуу хандаж байгаа Засгий газрын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг анхааралдаа авах. Түүнчлэн сайн санааны үүднээс хүүхэд асарч буй газруудын эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай” гэв. Хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан Хөдөлмөр нигмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Лантуун дохио ТББ, Баянгол дүүрэг, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид оролцлоо.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549