АМРАЛТЫН ӨДӨР УНШИХ ӨГҮҮЛЛЭГ: ДУУГҮЙ БАЙХ БОЛ АЛТ /Ф. МАКМАРРО/

access_time 2017-11-25
remove_red_eye 875

 

Оройн ес хагасын алдад Бертийг Палермогийн зоогийн газар очиход Жоржия тэнд байсангүй.

Ес дөчин тавд Берт төгөлдөр хуурынхаа ард сууж хөнгөн аялгаа тоглож эхэллээ. Эл аялгууг тэр орой болгон арван таван минут тоглодог агаад Жоржияг яг арван цагт тайзан дээр гарч ирнэ гэдэгт огт эргэл- зэхгүй байгаа дүр эсгэв.

Зоогийн газрын эзэн Палермо хэмээн бүдүүн эр төгөлдөр хуурчийн зүг түгшүүртэйеэ харж байснаа бугуйн цагаа тэмтрэв. Берт түүнийг нь анзаараагүй дүр үзүүллээ.

Цаг эрт байсан тул танхимд овоо соёлтой, элдэв тэнэг хүсэлт тавьдаггүй үзэгчид цугларсан бололтой. Магадгүй тэд Бертийн хөгжимдөх, Жоржиягийн дуу- лахын сонсохоор цугласан биз. Эс тэгвэл Палермо юунд тэгтлээ тэвдэх вэ дээ. Жоржия Берт хоёр энэ хотод гурван сарын урьд ирсэн бөгөөд өдгөө уйгагүй зүтгэлийнхээ ачаар хамгийн цуутай хослол болж чадаад байгаа юм.

Палермог төгөлдөр хуурт дөхөж ирэхэд нь Берт арай намуухан тоглож эхлэв. Жоржияг тайзан дээр гарч ирэх хүртэл найман минут үлджээ.

-Цаад бүсгүй чинь хааччихав аа? хэмээн Жон Палермог лавлахад Берт,
-Бүү мэд гэж хариулав.

Дотроо бол чухам юу болоод байгааг таах гэж оролдож байлаа.

-Тэр ирэх болов уу?
-Санаа бүү зов.
-Болтугай, болтугай хэмээн бувтнасаар Палермо холдон одов.

Арван цагт дөрвөн минут дутуу болжээ. Берт Жоржияг гарч ирэхэд зориулж өөрөө зохиомжилсон удиртгал хөгжмөө тоглов. Уг удиртгал хөгжмийг дуусаад дууны аялгуу эхлэх бөгөөд энэ үед Жоржия танхимын голд гарч ирэн дуулж эхэлдэг билээ.

Танхимын гэрэл ч унтрав. Жоржия гарч ирсэнгүй.

Берт танхим руу сэмхэн харц чулуудвал цагдаатай яавч төсгүй бүдүүн шөрмөслөг эр Палермотой ярилцаж зогсох үзэгдэв. Палермо өнөө эрийг ширээнд урьж суулгачихаад төгөлдөр хуур руу ахин дөхөж ирлээ.
Бертийг тоглож дуусаад өндийхөд хүмүүс гайхсан янзтай алга ташицгаалаа. Арга ч үгүй биз дээ.

-Берт гэж Палермо гашуудалтай өнгөөр дуугараад,
-Чи тэр хүнтэй очиж уулзаад орхиоч гэв.
-Надаар яах гэсэн юм бол?
-Бүү мэд, надад хэлсэнгүй. Нэг л эвгүй юм болж дээ. Бүр нэг совин таваад. . .
-Намайг сонс! Тэр совингоо далд хадгалж үз! Өөртөө болоод Жоржия бид хоёрт муу юм учраасай гэж бодоогүй л юм бол наад совингоо хүн бүхэнд дэлгэж яриад яахав. Би чин сэтгэлээсээ ярьж байна. Чи тэднийг мэднэ биз дээ?
-Тэднийг гэж хэнийг? гээд Палермогийн царай цон- хийгоод явчихлаа.
-Би чамд хөргийг нь зурж өгөх болж байна уу? Бидний оронд ажиллах хүн хэрэгтэй биз дээ. Энди, Элис хоёр ажил эрж яваа гэж сонссон. Тэднийг бидний оронд ажилд ав.
-Яг одоо юу?
-Тийм ээ гэснээ Берт пиджакныхаа халааснаас тэмдэглэлийн дэвтэр гаргаж,
-Утасных нь дугаар энд бий гэв.
-Би цус харвах нь ээ.
-Явж утасд! Миний санахад тэд даруйхан хүрээд л ирнэ.
Бертийг ширээнд нь дөхөж очиход өнөөх шөрмөслөг эр,
-Та Берт Хабер мөн үү? гэж асуув.
-Тийм ээ?
-Би мөрдөн байцаагч Жек Бертон байна. Танаас зарим нэг зүйл. . .
-Эхлээд та надад тэмдэг, үнэмлэхээ үзүүлэхгүй юу. Ширээн доогуур дамжуулчих л даа.
Берт цагдаагийн тэмдгийг харсан ч үгүй дөнгөж тэмтэрч үзээд толгой дохив. Цагдаа халааснаасаа гэрэл зураг гаргаж түүнд сунгаад,
-Та энэ бүсгүйг таних уу? гэж асуулаа.
Берт түүнийг хяламхийгаад буцаан түлхэж,
-Тийм ээ. Онцгой юм юу болоо вэ? гэлээ.
-Бидэнд өөр арга байсангүй. Бид түүнийг хэн болохыг тогтоосон даруйдаа наашаа ирсэн юм.
-Түүнийг хаанаас олсон бэ?
Бертон тэмдэглэлийн дэвтрээ харснаа,
-Арав болон есдүгээр гудамжны хоорондох жижиг гудамжнаас олсон. Тэр энэ хавьд амьдардаг байсан юм уу?
-Үгүй ээ. Хэзээ олов?
-Дажгүй асуулт байна шүү.
-Юу гэсэн үг вэ?
-Мэдэхгүй. Харин та мэдэх юм биш биз гээд Бертон төгөлдөр хуурч руу ширтэв.
-Ойлгож байна. Танд миний хандлага хачин санагдсан байх. Үнэнийг хэлэхэд энэ явдал надад гэнэтийг явдал санагдаагүй.
-Өнгөрсөн шөнө эндээс явснаасаа авахуулаад надтай уулзах хүртлээ юу хийснээ ярьж өгөхгүй юу?
-Бололгүй яахав. Жоржияг би гэрт нь хүргэж өгөөд…
-Та түүнийг үргэлж хүргэж өгдөг байсан уу? Тэднийх хаана байдаг вэ? Хамгийн сүүлд та түүнийг хэзээ хаана харсан бэ?
-Ер нь би бүсгүй хүнийг гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй биз дээ. Тэр эндээс холгүй амьдрадаг байсан. Түүнийг гэрт нь дөхүүлж өгчихөөд цаг харахад гурваас нэг минут өнгөрч байсан.
-Танай зоогийн газар дөрвөөс нааш хаадаггүй гэсэн. Их эрт байгаа юм биш үү дээ.
-Үнэн шүү. Би хувьдаа Жоржияг хамгаалах үүрэг сайн дураараа хүлээсэн гэх юм уу даа. Сүүлийн хоёр долоо хоногт би түүнийг зоогийн газар хаахаас өмнө гэрт нь хүргэж өгч байгаа юм.
Цагдаа толгой дохисноо сандлын түшлэгээ налан тухлав. Палермо хүрч ирээд Бертэд хандан,
-Зүгээр шүү. Энди, Эллис хоёр азаар гэртээ байж байна. Одоо ингээд наашаа ирэх байх. Чамд таларх- санаа дамжуулж байна билээ гэж хэлэв.
-Баярлалаа гэж Берт хариуллаа.
Азаар орлон тоглох жүжигчидтэй болсондоо Палермо тайвширсан нь илт. Жоржиягийн тухай сонирхсон ч үгүй. Яахав дээ, орой сониноос бүхнийг мэднэ биз. Түүнийг холдож одмогц Берт,
-Тэгээд би шууд гэртээ харьж оройн зургаа хүртэл нам унтсан. Сэрээд Жоржияд утасдсан боловч тэр утсаа аваагүй.
-Орой зургаад гэнэ ээ гэх зуур мөрдөн байцаагч тэмдэглэлийг дэвтэртээ ямар нэгэн юм бичив.
-Таныг ийм юм бүү хийгээч гэж хүсэх байна.
-Юу?
Берт урагш бөхийн цагдаагийн мөрөн дээр гараа тавиад аяархнаар,
-Үүнийг тэд хийсэн гэдэгт эргэлзэх юмгүй. Одоо ч тэд энэ танхимын хаа нэгтээгээс намайг харж байгаа биз гэлээ.
Бертон төгөлдөр хуурч руу хором хэртээ ширтсэнээ тэмдэглэлийн дэвтрээ хамхин халаасандаа хийлээ. Тэгээд,
-Би л хувьдаа таны үгийг сайн ойлгосонгүй. Гэхдээ тэр хамгаалах үүрэг сайн дураараа хүлээсэн тухайгаа тодорхойхон яриад орхиоч гэж бувтнав.
-Ер нь би бол хамтран тоглож буй бүсгүйчүүддээ өртэй юм шиг санагддаг. Ер нь иймэрхүү газар тог- лоход алга ташиж буй хөлчүү мөнгөний түрийвч, луй- варчингуудыг хараад дургүй хүрдэг юм. Тэдний олонхи нь дуучин бүсгүйг өөрийнхөө өмч мэт үздэг нь зэвүүн шүү.
-Уучлаарай хэмээн Бертон дахин бувтнаад,
-Та тэр бүсгүйтэй ойр дотно харьцаатай байсан уу? гэв. Берт инээмсэглэв.
-Нийтлэг утгаараа бол үгүй. Бид гайхамшигтай хамтран ажиллах байсан. Тэр бүсгүй үнэхээр дуулж чаддаг байсан юм шүү. Үүнээс давсан зүйл байхгүй.
-Ноён Хабер, бидэнд энэ хэргийг “Нялх” Сэмми үйлдсэн гэсэн сэжиг байгаа юм л даа. Тэр Сэммийг таньдаг байсан уу?
-Түүнийг мэдэхгүй хэн байхав дээ!
-Би тэр бүсгүйг. . .
-Юу гэх гэж байгааг чинь ойлголоо. Үгүй дээ, ийм юм байгаагүй.
-Гэхдээ тэр хоорондоо зөрчилдсөн биз дээ?
-Харамсалтай нь тийм.
-Та энэ талаар надад ярьж өгөхгүй юу?
Хүсэхгүй л байна. Гэхдээ ярих хэрэг гарч л таарах биз.
-Тийм ээ.
-За яахав гээд Берт хэсэг болсноо,
-Би юм түрүүн хэлснээр хоёр долоо хоногийн урьд эхэлсэн юм. Бидний ачаар энэ зоогийн газар дам- пуурлаас аврагдаж эхлээд байлаа. Ингэхэд та түүний дуулахыг нь сонссон уу? гэж хэлэв.
-Үгүй. Хэзээ тэр Сэммитэй танилцсан бэ?
-Арван нэгэнд. Сэмми энд бүхэл шөнөжин байсан юм. Намайг анх тоглохоор тайзан дээр гарахад тэр өөрийн дээрэмчдийн хамт тэр тэнд харагдаж байгаа ширээнд сууж байсан. Дараа нь би Жоржиягийн гарааны дууг тоглосон. Жоржия тайзан дээр гарч ирэхэд нүд нь бүлтэрчих шахсаныг яана.
-Тэгээд л оролдож эхэлсэн үү?
-Арай үгүй ээ. Эхлээд бүх юм тайван аажуухан байсан. Бүхэл оройн турш бидэн рүү үйлчлэгчээр дарс явуулсан. Харин маргааш өглөө Жоржиягийн өрөө рүү сагстай цэцэг илгээсэн. Маргааш орой нь энэ бүхнийгээ давтсан даа.
-Тэгэхэд л та үүрэг хариуцлагаа ухамсарласан хэрэг үү?
-Тийм ээ. Хэрэвзээ тэр новш Жоржияд хумсын төдий ч атугай таалагддаг байсан бол би юу ч бодохгүй байлаа л даа. Гэтэл бүсгүй түүнийг үзэн яддаг байсан юм. Бидний мэтийн ийм ажил эрхэлдэг хүмүүс үйлчлүүлэгч нарыг ч хүндэтгэх учиртай байдаг л даа. Гэхдээ тэр новшийг нулимах ч багадана. Эцсийн эцэст Жоржия түүнийг үзэн ядаж, хилэгнэх болсон. Тэгээд өчигдөр оройны үйл явдал болох нь тэр.
-Юу болсон юм бэ?
-Жоржия дараагийн үзүүлбэртээ бэлдэж, хувцсаа солихоор түүний ширээнийх нь дэргэдүүр гарсан юм. Сэмми гараас нь атгаж авмагц Жоржия ширээн дээрээс хундагатай дарс шүүрч аваад нүүр үү нь цацчихсан.
-Ойлгомжтой. “Нялх” Сэмми чинь хэтэрхий цэвэрч, дэгжин хувцасладгаараа зартай хүн. Уур нь их хүрсэн биз гэж цагдаа өгүүлэв.
-Би уг нь энэ үзэгдлийг тэгж хөөрөгдөх ёсгүй байсан юм гэж Берт үргэлжлүүлэн ярив.
-Намайг яасан гэж бодож байна? Зүгээр суухын оронд “Хүрхрээнд орсон нь“ гэдэг шог дуу хөгжимдсөнд танхимд даяар нэг инээдэм болцгоосон. Бүгд юу болсныг харсан юм чинь аргагүй л дээ. Сэмми ч өөрийн сармагчингуудтай арилж өгсөн.
-Байзаач, Сэмми тэгээд л их өширхсөн байх нь ээ? Та хэдийд бүсгүйг гэрт нь хүргэж өгсөн бэ?
-Шууд биш л дээ. Эхлээд надад хөгжилтэй санагдаж, өөрсдөөрөө бахархаж байлаа. Намайг юм уухаар бааранд ортол даатгалын байцаагч юм уу гэмээр цэвэрхэн хувцасласан нэг этгээд хүрээд ирэв. Түүнийг “Хөгжимдөж л байна уу” гэхээр “Дээд зэргээр” гэлээ. Тэгсэн чинь “Ийм үг сонсох таатай байна” гэв. “Та юун тухай ярих гэв?“ гэж сонирхвол “Таныг мэддэг болохоор юу ч ярих вэ дээ” гэж байна. “Би таныг мэдэхгүй шүү дээ” гэсэнд, “Би бол таныг мэднэ. Та чинь Берт Хабер биз дээ. Ист Стритэд амьдардаг. Танайх таван давхарт байдаг. Гэртээ зөвхөн өдөр л байдаг шүү дээ” гэх нь тэр. “Та дэмий л цаг заваа үрж байна. Би энэ жил гэнэтийн осол, амь насаа даат- гуулах бодолгүй байгаа“ гэвэл, “Муу л байна даа. Хэрэв би таны оронд байсан бол амь насаа даатгуулах байсан юм” гээд намайг үгээ дуусгахаас өмнө гараа сунгаж “Бид бие биенээ сайн ойлгосон гэж найдаж байна” гэчихээд арилаад өгнө билээ.
Үүнийг дуулсан цагдаа пиджакаа засан өндийгөөд,
-Мөрдлөг явуулахад хангалттай баримттай болох шиг боллоо. Ноён Хабер та надтай явж тус болохгүй юу? гэж хэлэв.
-Яах юм бэ?
-Таны аюулгүй байдалтай л холбоотой.
-Би энэ талаар бодсонгүй шүү. Тийм чухам юм гэж үү?
-Бид “Нялх” Сэммийг барьж авсны дараа та түүний эсрэг хамгийн гол гэрч болно шүү дээ.
-Та намайг олж цөхөх юу байх билээ?
-Бид тэгж аз туршмааргүй байна. Таны мэдүүлгээс олон юм хамаарах болохоор энэ хэргийг шүүхэд очихоос урьд таныг бурхан болчихоосой гэж хүсэхгүй байгааг минь ойлгооч.
-Бүү ай! Тийм юм болохгүй гэж төгөлдөр хуурчийг хэлтэл цагдаа,
-Ноён Хабер, гэхдээ л та надтай хамт явсан нь дээр биз гэж шийдмэг дуугарав.
-Удах уу?
-Өглөө болоход бүх юм дуусах биз дээ.
-Тийм хурдан уу? За яахав, тэгвэл явья л даа.
Хаалганы ойролцоо тэд Эндди, Элис хоёртой тааралдлаа. Тэд Бертэд тус болсонд нь талархан зөндөө үг урсгацгаав. Цагдаа Бертийг дуугүй л харж зогслоо.
Цагдаа Бертийг дагуулан саарал “лимузинд” дөхөж очоод,
-Та миний туслахтай хамт арын суудалд суучихгүй юу гэв.
Берт туслахыг нь анзаарсан ч үгүй сууж орхилоо. Цагдаа жолооны ард сууж хурдлан давхилаа. Бертийг хажуу тийш эргэн цагдаагийн туслах гэгдсэн эр рүү харвал тэр нь өнөөх “даатгалын байцаагч” байх нь тэр.
-Сайн байна уу? Дуугүй байх бол алт гэдгийг та ойлгосонгүйеэ. . .

Төгсөв.

Д. Дашмөнх

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549