Стратегийн ач холбогдолтой үнэ гэж байхгүй

access_time 2018-01-19
remove_red_eye 2101

Хэдэн жилийн өмнө шог зураач Цогтбаяр гуайн сонгуульд зориулан бүтээсэн шог зургийн түүврийг олж үзэх боломж тохиолдож билээ. Уг түүвэр дэх нэгэн  зураг дээр биеэ үнэлэгч үйлчилгээнийхээ үнийг нэмсэн шалтгаанаа шатахууны үнийн өсөлтөөр тайлбарласан утга санаа бүхий зураг сонирхлыг минь ихэд татаж, инээд хүргэж байсан шиг санагдаж байна. Юмны үнийн өсөлтийг бензинтэй холбож ойлгох ойлголт хаа сайгүй. Тэр дундаа Монголчуудын дунд бол хавтгай. Энгийн хүн байтугай эдийн засгийн докторууд нь ч ийм бодолтой. Ийм байхад шог зураачийн ойлголт ямар байх нь тодорхой.

Ингээд шатахууны үнийг бусад бүтээгдэхүүнээс онцолж стратегийн ач холбогдолтой гэж үзэх болсон. Төрөөс энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хатуу чанд зохицуулж, үнийг нь барихгүй аваас зах зээл өөрөө торгоож чадахгүй гэсэн байдлаар нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэв. Шатахууны үнэ бага зэрэг өсөхөд хүртэл улс даяараа хэрэлдэж, маргалдах боллоо. Шатахуунаас болж инфляци хөөрөгдөөд байна гэж улс төрчид онолдох болов. Үнэ өссөн явдалд буруутныг тодруулах гэсэн оролдлого, мөн үнэ өссөн явдал дээр шударга ёс ярьж олон таалагдахыг хүсэгч популистууд шатахууны үнийн өсөлт дээр тоглолт хийж хэрүүл шуугианы галыг улам бүр өрдөх аж. Үр дүнд нь тэдний нэр хүнд сайжрах боловч хувийн хэвшлүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрч, хэрэглэгчид ч хямд шатахуун авах бололцоогоо хаалгаж хохирсоор өдийг хүрлээ.

Ойлголт, мэдлэгийн зөрүү

 1997 онд Ардчилсан Холбоо эвслийн засгийн газар суурь үнэ гэгчийг чөлөөлөв. Суурь үнэ гэдэг нь цахилгаан, дулаан болон шатахууны үнийг хэлээд буй хэрэг. Өнөө цагт алив бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох  өртөгт цахилгаан, шатахуун зэрэг бүтээгдэхүүний зардал зайлшгүй орж таарна. Ийм учраас бараа, бүтээгдэхүүний өртөгт багтдаг эдгээр зардал нь цааш цаашдын бүтээгдэхүүний үнэ тогтоход суурь болж өгдөг гэж ойлгодогоос суурь үнэ гэх нэр томьёо бий болсон юм. Чухам энэ ойлголт өөрөө социализмын цаг үеийнх. Харин бид тэртээ ерэн онд зах зээлийн замыг сонгосон. Ингээд социалист эдийн засгийн ойлголттойгоор зах зээлийн замаар гуч гаран жил замнав.

Аливаа бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ нь түүнд зарцуулагдсан хөдөлмөр болон өртөг зардлаар бүтдэг гэх ойлголтыг анхлан Давид Рикардо боловсруулж хожим Карл Маркс үүнийг нарийвчлан хөгжүүлж, өөрийн зохиол бүтээл эдийн засгийн сургаальдаа авч хэрэглэжээ. Рикардогийн боловсруулж, Марксын хөгжүүлсэн энэ онолыг Хөдөлмөрийн үнэ цэнийн онол гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн үнэ цэнийн онолыг эдийн засгийн хувьд хуучны социалист улсууд л хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл энэ онол нь эдийн засгийн ухааны үүсэл, хөгжлийн нэн эхний үе шатанд байсан алдаатай төсөөлөл байлаа. Орчин цагийн эдийн засгийн ухааны аль ч урсгал, сургуулиуд энэ онолыг хүлээн зөвшөөрөхөө болиод удаж байна. Харин манай улсад шатахууны үнэтэй холбоотой хэрүүл шуугиан дэгдэх бүрийд дээрх онол Монголчуудын тархинд хадаасаар хадсан мэт бөх суусан болох нь ямагт харагддаг.

Өнөө цагт үнэ хэрхэн тогтдог талаар дийлэнх эдийн засгийн урсгал сургуулиуд эрэлт, нийлүүлэлтийн хууль дээр эцэслэн санал нэгдчихсэн. Иймд бараа, бүтээгдэхүүний үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог учир суурь үнэ буюу цахилгаан, шатахууны үнэ тэгтлээ их хэмжээгээр нөлөөлдөггүй гэж орчин цагийн эдийн засгийн ухаан үзэж байна. Гэвч Монголын нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд шинжлэх ухааны онол угаасаа илүүц зүйлд тооцогддог. Тухайлбал цагаан будааны үнэ өсөхөд хүмүүс тэгтлээ их анхаарал хандуулж сүйд болохгүй мөртлөө шатахууны үнийн өсөлтөн дээр галзууртлаа уурлах нь элбэг. Зарим нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний онцгой шинж чанараас нь шалтгаалж үнэд өртөг нь нөлөөлдөг. Тухайлбал нийтийн тээврийн хэрэгсэл мэтийн үйлчилгээний үйл ажиллагаа цэвэр шатахууны үнээс хамааралтай байдаг учир шатахууны үнэ нэмэгдэхэд үнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Харин нийт эдийн засагт буй бүхий л бараа үйлчилгээний ерөнхий үнэ буюу хэрэглээний үнийн индекст шатахууны үнэ нөлөөлнө гэдэг нь онолын үүднээс огтын боломжгүй юм.

 Хэрэв үнэхээр шатахуун үнийн өсөлтөд нөлөөлж, бараа бүтээгдэхүүн үйлчилгээий суурь үнэ болдог байсан юм бол өнгөрсөн 3 жилд дэлхий даяараа шатахууны үнэ навс унаж байхад бараа бүтээгдэхүүний үнэ зэрэгцээд навс хямдрах нь яасан юм бэ? Хагас дутуу амьтай голтой зах зээлийн эдийн засгаар гуч гаран жил замначихаад, улс орноороо нэг гавьяат эдийн засагчдаар бялхчихаад үнийн ерөнхий түвшинд шатахууны үнэ огт хамааралгүй болох талаар тайлбар хийчих ганц ч хүн байхгүй байгаа нь эмгэнэлтэй.

Инфляци ба шатахуун

 Ерөөс Монголд гэлтгүй хаа сайгүй улс төрчид инфляцийг шатахуунтай холбож тайлбарлах тун дуртай. Мөн шатахууны үнийг төрөөс тодорхой шалтаг тоочин байж зохицуулах дур сонирхол тун өндөртэй. Шатахууны бизнестэй зууралдаж, хэрэлдсээр байгаад өнөөдөр ихээхэн амжилтанд хүрсэн улсын тод жишээ Венесуэль гэх мэтээр үргэлжлэнэ. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харвал үнэхээр ч зарим улс орнуудад шатахууны үнийн өсөлт нь инфляцитай корреляци маягаар холбогдон өсөж, буурсан байгаа нь харагддаг. Монголд ч мөн статистик сөхөөд үзвэл иймэрхүү дүр зураг харагдана. Чухам үүнээс шалтгаалж шатахууны үнэ инфляцид нөлөөлдөг гэж үзэх хандлага хавтгайрсан. Гэхдээ энэ үзэл хандлага тэр чигтээ эдийн засгийн ухааны онол, байр суурийг орхигдуулсан.

Тоо баримт дурдаж үзвэл шилжилтийн эхэн үе болох 1990 онд инфляци 52.7 хувиар өссөн бол 1992 онд 325.5 хувь, 1993 онд 183 хувиар нэмэгдсээр 1998 оноос нэг оронтой тоонд шилжиж 6.0 хувьд хүрч бууран 2004 оныг хүртэл дунджаар 7.0 хувийн өсөлттэйгөөр багахан түвшинд явагдаж эдийн засаг харьцангуй тогтвортой байдалтай байсан байна. 2004 оноос хойш ихэнх жилүүдэд инфляци хоёр оронтой тоонд хүрчээ. 2004-2014 оны хоорон дахь 10 жилд дундаж инфляцийн түвшинг жилдээ 10.3 хувьтай байсан гэж Монгол банкны тооцоолсны дагуу үзэх юм бол бараа бүтээгдэхүүний үнэ энэ хугацаанд дунджаар арав дахин нэмэгдсэн аж. Харин шатахууны үнэ үүнтэй зэрэгцэн мэдээж өссөн. Гэхдээ инфляцитай харьцуулахад үл ялиг төдий. ҮСХ-ны тоо баримтыг сөхөж үзвэл 1996 онд Монгол улсад АИ-80 шатахууны жижиглэнгийн үнэ литр тутам нь 140 төгрөг байжээ. Инфляци тогтвортой байсан жилүүдэд шатахууны үнэ ч тогтвортой байж  2004 онд А-80 шатахууны үнэ 530 төгрөгийн үнэтэй байсан байна. Үүнээс хойш арав гаруй жилийн хугацаанд шатахууны үнэ инфляци, гадаад валютын ханшнаас шалтгаалж савалсаар 2015 онд хамгийн дээд үнэдээ буюу 1550 төгрөгт хүрсэн байна. Хойтон жил нь шатахууны үнэ 1450 болон хямдарчээ. Шатахууны үнэ инфляци 10 дахин үржигдсэн арваад жилд харьцангуй тогтвортой буюу ердөө  хамгийн дээд түвшиндээ 2.9 дахин нэмэгдсэн байна.

Гэвч тоо баримт эдийн засагт чухам юу болоод байгааг яг таг илэрхийлж чадахгүй юм. Инфляци болон шатахууны үнэ харилцан хамааралтайгаар нэмэгдээд байгаа боловч чухам аль нь үнийн өсөлтийн анхдагч шалтгаан бэ гэдгийг нарийвчлан харуулж чадахгүй билээ. Иймээс инфляцийн хөөрөгдөлд шатахуун нөлөөлж чадах эсэхийг онолын үүднээс тайлбарлах шаардлагатай юм.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үйлдвэрлэл, үйлчилгээгээр хангаж буй аж ахуйн нэгжүүд тодорхойлдог нь үнэн. Тэд үнээ тогтоохдоо бүтээгдэхүүнийхээ өртөг, зардлыг ч харгалзан үзэх нь тодорхой. Гэвч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх үед үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрөх асуудал нь тусдаа асуудал юм. Тэгэхээр нийтэд хүлээн зөвшөөрөгддөг үнэ хэрхэн тогтдог болж таарах вэ? Ер нь үнэ гэж чухам юу юм бэ? Талууд өөрсдийн бүтээсэн үйлдвэрлэл, үйлчилгээгээ солилцож, гүйлгээ хийхдээ мөнгөн дүнгээр бараа бүтээгдэхүүнээ үнэлдэг. Өөрөөр хэлбэл орчин цагийн эдийн засгийн олон талт, нарийн түвэгтэй тогтолцоонд арилжааны хэрэгсэл ашиглахгүйгээр хүмүүс өөр хоорондоо худалдаа хийж, эдийн засгийн тогтолцоо хэвийн ажиллах боломжгүй юм.

 Мөнгөний эдийн засагт нэгж бараа бүтээгдэхүүний үнэлэмж, үнэ цэнийг тодорхой хэмжээний мөнгөөр л үнэлэхээс өөр аргагүй. Иймээс үнэ гэдэг бол нэгж бүтээгдэхүүнд ноогдож буй тодорхой хэмжээний мөнгөн тэмдэгтийг хэлдэг.

            Бусад хүчин зүйлс тогтмол байх үед шатахууны үнэ өслөө гэж бодож үзье. Үүнээс шалтгаалж хүмүүс шатахууныхаа хэрэглээг багасгачихгүй л бол бусад зүйлсэд зарцуулах байсан мөнгөө танах шаардлагатай болохоос өөр аргагүйд хүрнэ. Хүмүүсийн орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй байх аваас шатахуунд зарцуулах мөнгөний зардал ихэсэх хэрээр бусад бараа, үйлчилгээнд зарцуулах мөнгө нь багасах нь ойлгомжтой. Иймээс бусад бараа бүтээгдэхүүний эрэлт багасаж, үнэ нь буурдаг байна.

Нийт эдийн засаг дахь бараа бүтээгдэхүүнд зарцуулагдах мөнгөний хэмжээ огт өөрчлөгдөөгүй байгаа гэдгийг санаарай. Зөвхөн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний найрлага өөрчлөгдөж илүү их мөнгийг бусад бүтээгдэхүүнээс илүүтэй шатахуунд зарцуулах болж. Бараа бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой байж, нэгж бүтээгдэхүүнд зарцуулах мөнгөний хэмжээ ч тогтвортой байгаа аж.

Иймээс үнийн ерөнхий түвшин өсөхөд шатахууны үнэ нөлөөлдөггүй болох нь илт байна. Харин шатахууны үнэ өсөхөд үнийн ерөнхий түвшний өсөлт нөлөөлөх нь ойлгомжтой. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар бизнес эрхлэгчид өртгөө үйл ажиллагааныхаа зардалд шингээж, үнээ шууд нэмж болно л доо. Гэвч би дээр дурдсан ёсоор үүнийг хэрэглэгчид худалдаж авах эсэх нь тусдаа асуудал юм. Үнэ арилжаанд оролцогчдын хоёр талын зөвшилцөл дээр тогтдог. Хэрэглэгч тухайн үнээр худалдан авахыг хүсэхгүй байвал үйлдвэрлэгч үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрнэ. Хэрвээ үнээ бууруулаад ашиг олохгүй байвал энэ бизнесээс татгалзахаас өөр аргагүйд хүрнэ. Бизнес эрхлэгч зах зээлд бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд зардлаар бүтээж, хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн чанартайгаар нийлүүлэхээр эрмэлздэг. Ингэж чадахгүй бол зах зээлээс шахагдана. Бараа бүтээгдэхүүнийг хэрхэн бүтээж, ямар өртөг зардалтайгаа бүтээх менежментээ бизнес эрхлэгч тогтмол хувьсаж буй хорвоо ертөнцөд тохируулан өөрчлөхөөс өөр аргагүй. Үйлдвэрлэл, үйлчилгээний зардал нэмэгдэх тусам зэрэгцүүлэн үнээ нэмээд байвал бизнесийн авьяас, өрсөлдөөнд тэсэж үлдэх чадвар, менежментийн ухаан байгаад байх шаардлага үгүй юм.

Тэгэхээр инфляци гэж юу вэ? Үүнийг чөлөөт эдийн засагчид цор ганц байдлаар тайлбарладаг. Бараа бүтээгдэхүүний хэмжээ тогтмол байх үед мөнгөний нийлүүлэлтийг төр засаг ихэсгэхийг инфляци гэж нэрлэдэг. Нэгж бараа бүтээгдэхүүнд ноогдох мөнгөний хэмжээ ихсэх тусам мөнгөний худалдан авах чадвар унадаг. Иймээс тодорхой бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, үнийн өсөлт бууралт инфляцид нөлөөлдөг гэдэг нь огтоос худал юм.  Инфляци нь үнийн ерөнхий түвшин өсөхийн шалтгаан юм. Харин мөнгийг төв банк нийлүүлдэг. Нэгж бүтээгдэхүүнд ноогдох мөнгөний хэмжээ өсөөд байгаа бол үүний хариуцлагыг төв банк л үүрэх ёстой.

Дүгнэлт

Хэрэглээний үнийн индекс огцом нэмэгдэж, ард иргэдийн амьдрал инфляцид нэрвэгдэж хохирох болсон нь манай өнөөгийн амьдралын салшгүй нэг хэсэг, ердийн явдал болж хувирсан билээ. Гэвч үүнд буруутай этгээдээр ямагт хувийн хэвшлийг дээр дооргүй буруутгаж, хүмүүсийн чөлөөт зах зээлд итгэх итгэл улам сулардаг. Ингээд илүү их зохицуулалтыг төр засгаас нэхэх хандлага нэмэгддэг. Үнэндээ энэ бүхний буруутан хувийн хэвшил мөн эсэх дээр бид тун няхуур хандах учиртай юм. Нэгэнт инфляцийг өдөөж буй хүчин зүйлс нь шатахууны үнэ биш учир шатахууныг стратегийн ач холбогдолтой гэж үзэн төрөөс энэ салбарт хутгалдаад байх нь зохимжгүй юм.

Эдийн засгийн ухаанд стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн гэх ойлголт угтаа байхгүй. Энэ бол улс төрийн, популизмын нэр томьёо юм. Бүтээгдэхүүнийг хэрэглээний эцсийн бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлд шаардлагатай капитал бараа таваар л гэж ангилдаг. Стратеги, тактик юу байдаг юм сонсоход сайхан үг олон хэдий ч бид эдийн засгийн ухааныг орхигдуулж ер болохгүй юм. Эцэстээ бид хувийн хэвшил, зах зээлийг буруутгахаасаа өмнө проблемийг бий болгож байгаа цаад эздийг олох хэрэгтэй. Бид инфляцийг өдөөж буй төв банкнаас хариуцлага нэхэх шаардлагатай. Бид хяналтгүй зарцуулахыг хүссэн засгийн газар, улс төрчдийг хянаж байх шаардлагатай. Эцсийн эцэст бид сэтгэлгээгээ өөрчилж, аливаа зүйлийг нүдэнд харагдах байдлаар дүгнэхээ больчихвол асуудал бага ч гэсэн цэгцрэх юм.

Жич: Надад анзаарагдаж байгаагаар бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шатахууны үнэ нөлөөлдөг гэсэн ойлголт байдаг учраас шатахуунтай холбоотой хэрүүл шуугианаас манай нийгэм салахаа больсон бололтой. Иймээс шатахууны үнэ инфляцид нөлөөлдөг эсэхийг эдийн засгийн онолын үүднээс тайлбарлахыг хүсэж үүнийг бичив. Тусгай зөвшөөрөл, монопольчлол, гадаад үнэ, Роснефть, татвар, Үнийн зөвлөл зэрэг асуудлуудын талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй болно.

           

 Н.Хасар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549