МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ ЭХНИЙ АЛХМААС ЭХЭЛДЭГ

Лао-ци

Дао-ди жин бичвэрийг туурвин, Даосизмын сургаалийг үндэслэсэн эртний Хятадын философич, яруу найрагч Лао-ци МЭӨ VI зуунд төржээ. Түүний бий болгосон философийн сургааль болох даосизм нь түүхийн хугацаанд хувирсаар Хятадын хамгийн том уламжлалт шашны нэг болсон бөгөөд хүн өөрийгөө өөрөө засагладаг, аливаа ёс зүй болоод төрийн болон бусдын захиргаадалтаар амьдрах албагүй гэх нь даосизмын үндсэн ойлголт юм.

Түүний бичсэн гэгддэг Дао-ди жин нь Даосизмын чиглэлийн оюуны болон философийн үндсэн суурь болсон бичвэр юм. Үүнийг МЭӨ VI зуунд бичигдсэн гэж үздэг ба Даогийн дэлгэрүүлсэн олон талын далд утгат зүйлсийг цогцлоосон бүтээл юм. Даосизмын үндсэн ухагдахуун wu-wei-г “юуг ч үл хийх (юуг ч үл хийх үйл)” хэмээн дөхүүлэн орчуулдаг байна. Үгийн утгыг амьдралд өгөгдсөн утга учир гэж үгүй, иймээс юуг ч хүчлэн байж хийх албагүй гэж тайлдаг аж.

Сонгодог либерализмын идеологи үүсэхээс 2500 гаруй жилийн өмнө ингэж бичиж байсан нь түүнийг дэлхийн хамгийн анхны либертари үзэлтэн хэмээгдэхэд хүргэсэн агаад ХХ зууны улс төрийн философич, түүхч, эдийн засагч Мөрри Ротбард Либертари сургалтын сэтгүүл-дээ Лао-цигийн тухай Эртний Хятадын даосизм нэртэй эсээ бичиж байв.

Ротбард нь либертари улс төрийн идеологийн анархо-капиталист загварыг үндэслэгч юм. Хүмүүс хоорондын харилцаанд ямар нэгэн асуудал үүсч тус асуудлыг шийдвэрлэх цор ганц хэрэгсэл нь төр гэдэг. Энэ тал дээр Лао-ци төрийн оролцоог хамгийн бага түвшинд байвал зохилтой гэсэн бол Ротбард нийгэмд төрийн оролцоо огт хэрэггүй гэдэг. Энэ хоёр чиглэлийн зорилго нь угтаа ижил бөгөөд эхний хийх алхам нь төрийн оролцоог хязгаарлах явдал юм.

Хорио цээр байх тусам эрдэмт хүмүүс цөөрнө

Зэр зэвсэг байх тусам хүмүүсийн амгалан сарнина

Татаас тусламж нэмэгдэх тусам бие даасан нэгэн багасана”

хэмээн Дао-ди жин-д өгүүлжээ. Энэ нь либертари үзлийн үндсэн санаатай яг цав нийцэж байгаа ба сүүлийн өгүүлбэр нь тэрээр тэтгэмжийн системийг шүүмжлэн буруушаасан, тухайлбал өөрөө хөдөлмөрлөөгүй хэр нь тэгш байдлыг шаарддаг хүмүүст зориулжээ. Мөрри Ротбард, Лао-ци хоёул ядууст туслах нь онц чухал биш гэдэг. Бусад зүйл дээр ч тэдний бодол ижил ажээ. Харин Лао-цитэй нэгэн цаг үед амьдарч байсан Күнзийн ёс суртахууны сургааль нь Даосимзтай шууд зөрчилддөг. Түүхэнд мөрөө үлдээсэн энэ сэтгэгчийн сургаалийг дагагчид өнөө цагт ч багагүй билээ.

Мөрри Ротбардын бичсэн “Эртний Хятадын даосизм” эсээг энд сийрүүлэе…

 

ЭРТНИЙ ХЯТАДЫН ДАОСИЗМ

Мөрри Ротбард

МЭӨ VI зуунд амьдарч байсан Лао-ци нь радикал либертари сургаалийг (school) бий болгон, хөгжүүлсэн юм. Түүний хувьд, хувь хүний аз жаргал нийгмийн зорилгын хамгийн гол хэмжигдэхүүн байсан ажээ. Лао-ци “Хувь хүний хөгжин цэцэглэлт, аз жаргалд саад бологч нийгмийн аливаа инстүүц бүгд үгүй болох ёстой” хэмээжээ. Түүнчлэн төрийн талаар “Толгойтой үснээс их хууль, журамтай төр хувь хүнд хамгийн хөнөөлт дарангуйлагч, мөн араатнаас илүү хэрцгий араатан болдог” гэж хэлсэн байна. “Төр гэгч зүйл байж болох бага хэмжээндээ хүртэл хязгаарлагдвал зохино, төр нийгмийн харилцаанд оролцохгүй байх явдал нь л хувь хүнд аз жаргалтай болох, хүслээрээ байх эрхийг нь олгодог бөгөөд төрийн ямар ч оролцоо үймээн самуун, эмх замбаагүйтэлд хүргэх боломжтой” ажээ. Түүний амьдралын туршлага түүнийг “Зохиомол хий хоосон хорио цээр, хязгаарлалтууд хүмүүсийг ядууралд хөтөлдөг” гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой.

Тэрээр дэлхий ертөнцөд нүүрлэн байсан Дорнын диспотизмыг (oriental despotism) ажигласан байв. Ямар аргаар нийгмийг өөрчлөх вэ? Энэ бол ямар ч түүхийн сурвалжгүй, мөн орчин үеийн либертари нийгмийн жишээг мэдэхгүй Лао-цигийн хувьд төсөөлөхийн аргагүй зүйл байв. Түүнд ганц л арга байлаа. “Хулгайч, завшигчдыг бий болгогч гол хүчин зүйл нь хууль, журам юм. Төрийг энгийн хэвээр үлдээх хамгийн мэргэн бөгөөд хялбар арга нь түүнд хүч, эрх мэдэл өгөхгүй байх явдал бөгөөд дэлхий ертөнц өөрөө өөрийгөө зохицуулна”. Ийм учраас л тэрээр “Би хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс хутгалддаггүй, энэ л миний хүмүүст хийж буй ач тус юм” гэж хэлжээ. Нийгмээс ангид байх нь аливаа нэгэн төр улсын дарангуйллаас зайлах зөв зохимжит зам гэж тэр үзсэн.

Хоёр зууны дараа Өвгөн багшийнхаа “зөнд нь орхи” гэсэн санааг илүү логик үндэслэлтэйгээр дүгнэсэн даоист Жуан-ци Даосизмын гол зорилтыг төр улсаас зайлсхийх явдал байсан мэтээр харж байсан байж магадгүй юм. Ёгт үлгэр тэргүүтэй зохиол бүтээлүүд бичин туурвиж байсан Жуан-ци нь язгууртан гэр бүлээс гаралтай, тун өндөр боловсролтой нэгэн байв. Түүний нэр алдар Хятад даяар түгсэн байсан агаад Чу улсын эзэн хаан түүнд элдэв төрлийн бэлэг сэлт өгөн урамшуулж, өөрийн ерөнхий (гол) сайдаар ажиллуулахаар урьж байв. Тэрээр хаан эзэнд татгалзсан хариу өгчээ. Энэ нь түүхэнд төрийн аймшигт хүчний эсрэг хийсэн цөөн хэдэн мэдэгдлийн нэг болон үлджээ.

Магадгүй дэлхийн хамгийн анхны анархист хүн гэгдэх түүний бичвэрийг энд буулгалаа: “Мянган унци алт бол үнэхээр том шагнал, мөн улсын ерөнхий сайд бол өндөр дээд албан тушаал. Гэвч эрхэм дээдэс минь, та хааны бунхны өргөлд золигдохоор үхлээ хүлээн буй үхрийг харж байсан уу? Яг одоо бол ядуу даяанчид амьдралаа өөрчлөх маш сайхан боломж байна л даа, гэвч үүгээр юу хийж чадах вэ? Намайг бүү гутаа. Би удирдан захирагчийн албадлага, шахалтан дор байснаас өөрийн хүсэл таашаалаараа тэнүүчлэн, бохир нүхэндээ амьдрахыг илүүд үзэж байна. Би хэзээ ч төрийн түшмэдийн албыг хүлээж авахгүй, ингэснээрээ би өөрийн зорилгоо биелүүлнэ.”

Дээр хэлсэнчлэн Жуан-ци нь Лао-цигийн “зөнд нь орхи” болон төрийн дүрэм журмын эсрэг үзлийг улам сайжруулан “Хүнийг ганцааранг нь үлдээх шиг сайн зүйл үгүй, хүнийг засаглах шиг муу үйл үгүй” гэж бичжээ. Энэ нь тодруулбал “засаглах шаардлага үгүй, засаглагдах ёсгүй” гэсэн утгатай аж. Мөн түүнчлэн, ХХ зууны хамгийн том философичдын нэг бөгөөд Австрийн эдийн засгийн сургуулийн Фридрих Хайекийн хөгжүүлсэн “аяндаа эмхрэхүй” (spontaneous order)-н талаар анхлан бичсэн хүн нь Жуан-ци юм. Үүгээр зогсохгүй тэр аливаа улсыг томоохон дээрэмчний нэгдэл маягаар харсан анхны хүн юм. “Шалихгүй хулгайч торонд ордог бол их гарын хулгайч улсыг захирдаг. Иймээс улсыг захирагч болон хижиг хулгайч нарын хооронд хулгайн зүйлийн хэр хэмжээний л ялгаа бий” гэв. Яг энэхүү удирдагч, захирагч нэгнийг хулгайч, дээрэмчин мэтээр харж, хандсан явдал түүхийн явцад Цицерон, Гэгээн Августин нар давтсан байдаг байна.

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

 

2018-06-14