Яг одоогоос наян жилийн өмнө АНУ-ын “Үндсэн хуулийн 21 дэх нэмэлт өөрчлөлт”-ийг батласнаар “хуурай хууль” албан ёсоор цуцлагдсан билээ. Хэрэв энэ хуулийн тухай ганц гарцаагүй үнэн баримтыг хэлэх ёстой аваас энэ хуулиар согтууруулах ундааны төрөл зүйлсийг хориглосон хорио цээр нь бүхэлдээ бүтэлгүйтсэн билээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэхийг хууль бусад тооцсоны үр дүнд зохион байгуулалттай гэмт хэрэг, авлига, хүчирхийллийг л үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн юм. Үүнийг хүчингүйд тооцох болсон олон шалтгааныг нэрлэвээс яг одоогийн байдлаар хар тамхины дайн хэмээгч мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагааг үгүй хийх мөн ижил үндэслэлүүд урган гарч ирж байна.

Битгий хялбарчилж ойлгоорой. Гэхдээ “Үндсэн хуулийн 18 дахь нэмэлт өөрчлөлт”-ийг (Энэ нэмэлт өөрчлөлтийн үр дүнд “Хуурай хууль” хэмээх согтууруулах ундааны төрөл зүйлсийг үйлдвэрлэх, худалдахыг хууль бусад тооцох болсон үйл явдал эхэлсэн) баталснаар огт санаандгүй байдлаар маш олон хүн гэнэтийн байдлаар гэмт хэрэгтэн хэмээн тооцогдох болсон. Зөвхөн үйлдвэрлэж, борлуулж буй хүмүүс нь гэмт хэрэгтэн болоод зогссонгүй мөн хариуцлагатай байдлаар зохистой хэрэглэхийг хүссэн энгийн хүмүүс ч бас гэмт хэрэгтний тоонд орсон юм. Хэдийгээр би эдийн засагч биш ч гэсэн дараах гарцаагүй үнэнийг яалт ч үгүй мэднэ. Хэрэв эрэлт тодорхой түвшинд оршиж буй аваас түүнийг хангах нийлүүлэлт зайлшгүй бий болдог. Энэ нь хууль ёсных эсхүл хууль бус байх нь огт хамаагүй. Хуурай хууль бий болсноор согтууруулах ундаа үгүй болоогүй. Харин Аль Капоне мэтийн дээрэмчдэд сайтар зохион байгуулсан, аюултай, далд хар зах зээлийг бий болгож хүчээ авах нөхцөл бололцоог олгосон.

Дээрх хуурай хуулиас үүдэлтэйгээр дээрэмчид хөлжсөний үр дүнд гэмт хэрэг гаарч мафийн тонуулчид өөрсдийн замд хөндөлссөн хэн бүхнийг дур зоргоороо алж хядаж эхэлсэн. Хэдэн арван мянган хүн хуурай хуультай холбоотой хүчирхийлэл болон далд архидалтын улмаас нас барсан.

АНУ-ын 48 муж улсын 36-д нь хуурай хууль цуцлагдаж, Үндсэн хуулийн 18 дахь нэмэлт өөрчлөлтийг халж, 21 дэх нэмэлт өөрчлөлтийг баталснаар (АНУ-ын түүхэн дэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх нэмэлт өөрчлөлтийг халсан цорын ганц тохиолдол) 1933 онд дээрх нийгмийг хамарсан томоохон туршилт төгсгөл болсон юм.

Өнөө цаг үед эргэн ирцгээе. Яг одоо манай нийгэм тэр чигтээ мансууруулах бодисонд живж байна. Харин энэ мансууруулах бодис нь виагра, флуоксетин, метилфенидат эсхүл марихуан, кокайн мөн бүр цаашилбал эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг телевизээр байнга сурталчилдаг элдэв эм, бэлдмэлүүд байдгаас үл хамааран бидний гэр бүлийн гишүүд дунд эдгээр мансууруулах бодисын аль нэгийг ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзээгүй хүн бараг л байхгүй болов уу. Мансууруулах бодисыг хориглох бодлогын уршгаас жил бүр 1.5 сая хүн баривчлагдаж, тун хэтрүүлсний улмаас хэдэн арван мянгаараа нас барцгааж байгаа нь жилийн дундаж авто ослын улмаас эндэж буй хүмүүсийн тооноос нэлээд давж байна. 2006 онд Мексикт “Хар тамхины дайн”-ы эсрэг цэрэг, зэвсгийн бодлого баримталж эхэлсэн цагаас хойш 100.000 гаруй хүн алагдаж эсхүл ор сураггүй алга болсныг статистик тоо баримт бидэнд харуулж байна. Үүнийг үл тооцон дэлхий даяар сая сая хүн өдөр тутам мансууруулах бодис хэрэглэсэн хэвээрээ байна.

Мансууруулах бодисыг ийнхүү хүчээр хориглох дээрх арга хэмжээнүүдийн зардлыг тооцож баршгүй. “Хуурай хууль”-ийг цуцлах болсон хамгийн гол шалтгаан нь ердөө согтууруулах ундааг хүчээр хориглох арга байхгүй гэдгийг ойлгосон явдал юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хууль сахиулах үйл ажиллагаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардлын талаас илүү хувь нь хар тамхины дайны зардалд зарцуулагддаг. АНУ нь хоригдлынхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг. Энэ бүх оролдлогыг үл тооцон өнөөдөр мансууруулах бодис үнийн хувьд хамгийн хямд мөн чанарын хувьд дээд зэргийн болсон байна. Хүмүүсийг хорих, үүнд зориулсан шоронгийн олон цогцолборуудыг барьж мөнгө үрэн таран хийхийн оронд мансууруулах бодисын донтолтыг эмчлэх, эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлсэд хөрөнгө оруулбал энэ нь дээрх шоронжуулах үйл явцаас хамаагүй бага зардалтай илүү үр дүнтэй байх болно. Мансууруулах бодисыг зохисгүй хэрэглэх явдалтай тэмцэх илүү үр дүнтэй бодлого бидний хувьд өнөөдөр илүү чухал байна.

Колумбын Их сургуулийн “Тархи мэдрэлийн өвчин судлал”-ын доктор, “Мансууруулах бодистой тэмцэх бодлого холбоо“-ны Удирдах зөвлөлийн гишүүн Карл Хаарт нь олон жилийн туршид мансууруулах бодисны хэрэглээ, донтолтын талаар судалжээ. Түүний хэлснээр мансууруулах бодис тодорхой хэмжээнд хэрэглэдэг хүмүүсийн 80-90 гаруй хувь нь мансууруулах бодистой холбоотой ямар нэгэн зүй бус асуудалгүй байсан байна. Гэтэл бид яагаад тодорхой хэмжээнд иймэрхүү төрлийн бодис хэрэглэдэг хариуцлагатай, хэнд ч гэм хор болоогүй энгийн хүмүүсийг шорон гянданд заавал түгжих ёстой юм бэ? Хэрэв хэн нэгэн хүн мансууруулах бодисын донтолттой тэмцэж эмчилгээнд явахыг хүсвэл энэ боломж нь тэдэнд нээлттэй байх ёстой. Мансууруулах бодисыг хааяа нэгхэн хэрэглэчихдэг мөртлөө өөрийн зохих ёсны үүрэг хариуцлагаа умартдаггүй, хамт олон болон нийгэмдээ өөрийн зохих хувь нэмрийг оруулаад явж байгаа хэн нэг хүн заавал шорон, гянданд цоожлогдох ёстой хэрэг үү? Breaking the Taboo хэмээх баримтат кинонд “Хэрэв хүлээгдэж байсан үр дүн нь Америк дахь мансууруулах бодисын худалдааны сүлжээг үгүй хийж, уг бодисыг хэрэглэхийг бүр мөсөн болиулах гэж зорьж байсан юм бол дээрх бүгд бүтэлтэй болж чадаагүй” хэмээн Хар тамхины дайны тухай дурдсан байна.

Хэн нэгэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн, биедээ авч явсан, хадгалсан учраас баригдаж хоригддогүй тийм өдрүүд ирнэ хэмээн би илүү холыг харж байна. Зарим улс орны хувьд аль хэзээний тэс өөр бодлогыг баримталж эхлэсэн бөгөөд энэ нь өдгөө дэлхий дахинаа олон янзын хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болж мансууруулах бодисыг хүчээр хориглон тэмцэхээс өөр арга хувилбарыг дэвшүүлэх цаг болсоныг илтгэж байна. Португали улсын хувьд мансууруулах бодисыг хуулиар хүлээн зөвшөөрсний 12 жилийн дараа дээрх үйл явцыг дүгнэж цэгнэсэн. Ямар үр дүн харагдсан бэ гэж та гайхаж байгаа байх. Бидэнд илүү өөр ертөнц хэрэгтэй гэдгийг дээрх үр дүн харуулжээ.

Нийтлэлч: Derek Rosenfeld

Орчуулсан: Н.Хасар