1990 оны 11 сарын 2 -ны "Монголын Залуучууд" сонинд залуу эдийн засагч О.Бадралын чөлөөт зах зээлийн талаар бичиж байсан нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Социализмийн дараах монгол улсад залуус шинэ нийгмийнхээ талаар ямар ойлголттой байсан, одоо бидний ойлголт ямар байгааг харьцуулахад тань энэ нийтлэл туслах бизээ. Хүн альваа зүйлийг ухарсан эсвэл урагшилсан эсэхийг үргэлж ямар нэг зүйлтэй харьцуулан байж мэддэг. 1990 оны 2 нийтлэлийг цувралаар тавьхаар шийдлээ. Эхний нийтлэлийг таалан соёрхоно уу!

Зах зээлийн эдийн засаг гэж юу вэ?

Шударга ёс гэдэг маань чухам юусан билээ? Бид 1921 онд хувьсгал хийснээр нийгмийн шударга ёсыг тогтоосон билээ. Тодруулбал хүн хүнээ мөлжихийг устгасан. Энэ шударга ёс маань үр шимээ өгөн манийгаа нар мэт гийгүүлж байгааг ч үгүйсгэшгүй. Дэлхийн өнцөг булан бүрт дарлагдан мөлжигдөж байгаа хүмүүстэй бид жаргаж суугаа хүмүүс. Гэтэл... биднээс биднээс илүү сайхан амьдралтай хүмүүс байгаа нь сүүлийн үед илт мэдэгдэх боллоо.

Эхлээд бидний өмссөн өмд, гутал гологдож эхлэв. Нөгөө ганган шарваар, трапец өмднөөс илүү жинс гэдэг өмд байдгийг, дараа нь бидний бахархал болсон <<их ахын >> техник технөлөгиөс хамаагүй илүү өндөр бүтээмжтэй техник байдгийг мэдсэн. Гэтэл бас үгүйрэн хоосорч, үхэж үрэгдэж буй гэгдэж байсан бусад орны <<анги>> нэгт ахан дүүс маань манийгаа ч худалдаж авахаар баян болсон хүмүүс байсныг мэдсэн. Энэ чинь юу гээч вэ?

Мөлжлөгөөс чөлөөлсөн атлаа мөнгө, эд бараагүй болгосон (нийгэм) шударга ёс бидэнд хэрэггүй юу? Эсвэл бидэнд мөлжлөгтэй мөртөө мөнгө, эд бараатай байлгаад байгаа (нийгэм) шударга ёс нь хэрэгтэй юу? Аль нь шударга вэ? Үгүй бол, бидний ба тэдний шударга ёс гэж өөр өөр зүйл байдаг юм болов уу?

Уг нь манай нийгмийн <<шударга ёс>> маань л бидний бахархал юм шүү дээ. Гэтэл эрх чөлөөт бид чинь дэлгүүрийн хоосон лангуу ширтэн шүүрс алдан амь зууж явна...

Үүний буруутан хэн бэ? Лав л хөлсөө гоожуулан зүтгэсэн ажилчин, хүслээрээ жигүүрлэсэн сэхээтэн биш дэг. Буруутанг эрснээс буруутсан шалтгаанаа тодруулахыг оролдъё.

Зах зээлийн эдийн засгийн онолд <<Шударга ёс>> гэдгийг хоёр салгаж (оновчгүй нэрлэсэн байж болно) үздэг.

Нэгдүгээрт: Эдийн засгийн шударга ёс. Энэ нь бидний өвөг дээдсийн сургадаг <<ажиллавал ам тостоно>>гэсэн сургаалтай яг дүйнэ. Бид үүнийг хэлэхээс цааш хэтрэхгүй байна. Зах зээлийн эдийн засагт, ажил хийх гэдэг нь арай илүү нэмэлт тодорхойлолттой. Зүгээр суугаад амаа тостоно гэж үгүй. Эдийн засгийн шударга ёс нь эдийн засгийн амьдралын хүрээн үйлчлэхээс нийгмийн амьдралын бүх хүрээнд үйлчлэхгүй. Энэ нь товчоор хэлбэл үр ашигтай бөгөөд илүү сайн ажилласан нь л илүү авна гэсэн үг. Үр ашигтай илүү сайн байхын тулд овсгоо самбаатай бөгөөд итгэл олсон ажиллагаатай байх ёстой.

Хоёрдугаарт: Хүний шударга ёс (манай <<нийгмийн>> гэдэгтэй дүйж ч магадгүй юм). Нэгэнт л ард түмэн, хамт олон, хувь хүн гэж байгаагаас хүнтэй холбоотой асуудал заавал гарна.Бүх зүйл (асуудал) эдийн засгийн шударга ёсоор зохицуулагддаг байлаа гэж үзье л дээ. Гэтэл хөдөлмөрлөж чадахгүй өндөр настан, тахир дутуу хүмүүс яаж амьдрах вэ? Тэдний амьдралын наад захын хэрэглээг хэрхэн яаж хангах вэ? Эдийн засгийн шударга ёс ийм байдаг гээд тэднийг өлбөрүүлж болохгүй нь мэдээж. Иймээс хүний хүний шударга ёс л түүнийг хангах ёстой болдог. Гэхдээ эдийн засгийн шударга ёсыг гажуудуулбал хүний шударга ёс мөн л хөсөрдөх болно.

Дээрх байдлаас үүдэн бид шударга ёсыг хэрэгжүүлж байна, хийж байна гэсээр байгаад шударга бус байдалд орсон гол шалтгааныг олохыг хичээе.Бид хүний шударга ёсоо, эдийн засгийн шударга ёстой хольсон мэт санагддаг. Өөрөөр хэлбэл эдийн засаг маань өөрийн жам ёсоор ажиллаж байж урамшуулагдан хөгждөгийг нь үгүйсгэж, эдийн засгийг <<хүнлэг>> шинж чанартай болголоо гэсэн нь харин <<намч>>,<<ангич>> болгон үзэл сурталжуулж , тэгшитгэн хуваарилах <<тооцоо>> болгон хувиргасан. Үүн дээр нь нөгөө 2 дахь <<бахархал>> ,<<тэгш эрх>> маань нэрмээс боллоо.

Ийнхүү эрх чөлөөт, тэгш эрх бүхий бид <<шударга ёс>> гэгчээрээ эдийн засгийн механизмаа өөрийнх нь жам ёсноос гадуур ажлуулах болсноор эдийн засаг маань нэг нам, хэсэг хүмүүсийн хийсэн дүгнэлт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тэнхээ мэдэн үйлчилж, улмаар том зорилт томдсон магтаалын пянг даалгүй элэгдэн хуучирч үр өгөөжгүй болон хувирчээ. Ийм эдийн засгийн үр дагавараар <<би чамд, чи надад>> гэсэн шударга бус бий болж, чамд ч гэж чадахгүй нь надруу гэх эрхгүй болсноор нөгөө яриад байдаг шударга ёс маань бодит амьдрал дээр хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй боллоо. Тэгвэл... ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШУДАРГА ЁС ЯАЖ ХАНГАГДДАГ ВЭ? Асуудлаас бага зэрэг хазайя.

Зах зээлийн эдийн засгийн амьдралд үйлдвэрлэгчид (онолд пүүсээр төлөөлүүлдэг), хэрэглэгчид (өрх бүл гэсэн нэр томъёотой) засгийн газар гэсэн гурван тал оролцоно. Эдгээр гурван тал тус бүрийн зах зээлд оролцох сонирхол, үүрэг харилцан адилгүй. Тухайлбал, үйлдвэрлэгчдийн хувьд өөрт хэрэгтэйг олж, хэрэгцээгээ дээд зэргээр хангах, харин засгийн газар эдгээрийн хоорондын үйл ажиллагаа шударга хэрэгжих нөхцөлийг бий болгохын дээр хүний шударга ёсыг хангах гэж оролцоно. Онолын хувьд болмоор авч, амьдрал дээр үйлдвэрлэгч хэрэглэгч хоёроос тогтох тийм чөлөөт зах зээл гэж ерөөс байхгүй. Зах зээлийн амьдралд <<улс>> оролцож байж л хэрэглэгчийн ч, үйлдвэрлэгчийн ч эрх ашиг, шударгаар хангагдах нөхцөл бүрдэнэ гэж үздэг тул одоо аль ч улсад цэвэр <<зах зээлийн эдийн засаг>> гэж байдаггүй. Бүгд холимог болсон тул ийм, тийм (төрийн гэх мэт) зохицуулалттай зах зээл гэж тодорхойлолттой ярьдаггүй байна.

За, ингээд асуудалд хариулахын тулд хоёр жишээ татъя. Бидний хэрэглэж үзээгүй ч сайн мэдэх <<Тоёото>> машин үйлдвэрлэдэг корпорац өөрийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа 4000 (!) орчим нийлүүлэгчтэй (үйлдвэрлэгчтэй) гэрээ байгуулсны үндсэн дээр явуулдаг аж. Энэ бол гайхалтай зүйл юм.

Учир нь нэг нийлүүлэгч нь үүргээ биелүүлээгүй (тоо, чанар, хугацаа гэх мэт) тохиолдолд <<Тоёото>> болон бусад 3999 нь ч мөн хохирох болно. Гэтэл ийм тохиолдол огт гардаггүй байна. Өөрөө хэлбэл бүг амласандаа хүрдэг ажээ.

Өөр жишээ татъя. Манайхаас өөр бусад оронд ихэд нэрд гарсан АНЫ-ын <<Венрок ассошиэйтс>> пүүс (ийм пүүс зөвхөн Америкт л гэхэд 200 гаруй байдаг) аз туршсан үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэгчдийг санхүүжүүлдэг (гэхдээ зээлдэг биш, аз бүтээгүй тохиолдолд өгсөн мөнгөө буцааж авахгүй, өөрөөр хэлбэл өөрсдөө бас азаа үздэг гэсэн үг) юм байна. Уг пүүс 1976 онд огт нэрд гараагүй байсан <<Эпл компьютер>> пүүст 1.5 сая долларын санхүүжилт хийжээ. Гэтэл 4 жилийн дараа түүнд <<Эпл компьютер>> пүүс 100 сая долларыг орлогоосоо буцааж өгсөн байна. Уг нь <<Эпл>> пүүс өөрийн орлогын 90 саяыг өгч болох байсан боловч яг өгвөл зохих 100 саяыг өгсөн байх жишээтэй. Энэ нь бие биеийн өмнө шударга байж, харилцан бие биенээ урамшуулж ажилладгийн жишээ.

Зах зээлийн шударга ёс ярьсан яриа, хүссэн хүсэлтээр бий болохгүй, үйлдвэрлэгч, хэрэглэгч, засгийн газрын тодорхой ухаалаг үйл ажиллагааны дүнд бий болдог. Шударга ёсыг тогтоох гол үндэс нь:

  1. Гурван тал харилцан бие биедээ итгэлтэй байх (итгэл хүлээлцэх зарчим) нэг нь нөгөөгийн эрх ашгийг үгүйсгэлгүй хүндэтгэн, өөрийн амжилт бусдаас хамаарна гэдгийг чанд сахих. Нэг удаагийн луйврын ашиг, нэг насны хоолноос нь салгана гэдгийг бүрэн ухаарах,
  2. Үйлдвэрийн болон зах зээлийн талаарх мэдээллээ бие биетэйгээ хуваалцах. (мэдээллээ хуваалцах зарчим) Хэн хэнээ хэрэгтэй мэдээллээр хангасны үндсэн дээр хэрэгцээ үйлдвэрлэлээ зөв тогтоож, хэт үйлдвэрлэл явуулж үйлдвэрлэгчээ хохироохгүй, үйлдвэрлэлээ багасган барааны хомсдол гаргаж хэрэглэгчээ хохироохгүй байх,
  3. Олсон ашиг үр дүнгээ шударгаар хуваалцах (магадгүй гол нь ч байж болно). Үйлдвэрлэл, хуваарилалтын үр ашиг дээшлэхэд үйлдвэрлэгч, хэрэглэгч улс (засгийн газар) бүгд хувь хүртэх.Тэгснээрээ үйлдвэрлэгч хэрэглэгч бие биеэ урамшуулж байдаг.

Тэгвэл үйлдвэрлэгч, хэрэглэгч яагаад шударгаар ажиллах сонирхол байдаг вэ? Үйлдвэрлэгчийн амжилтын гол баталгаа бол <<өөрийн>> гэсэн тогтвортой худалдан авагч (хэрэглэгч)-тэй байх явдал. Иймд өөрийн хэрэглэгчээ алдахгүй тулд (болж өгвөл шинэ хэрэглэгчтэй болохын тулд) үйлдвэрлэлийн өртөг зардлаа бууруулсны үндсэн дээр бүтээгдэхүүний үнээ буулгах, шинэ хийц загвар, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэгцээг нь цаг тухайд нь хангах зэргээр хэрэглэгчээ урамшуулан итгэл олж, алдахгүй байх. Харин хэрэглэгчийн тухайд бол тэрээр шударга бус үйл ажиллагаагаар үйлдвэрлэгчээ <<гомдоовол>> хэрэгцээгээ хангаж чадахгүйн дээр бусдын нүүрэн дээр өөрийгөө гутаан нэр хүндээ алдахад хүрнэ. Иймд дээд дээд зэргээр шударга байхыг хичээнэ.

Засгийн газар үйлдвэрлэгчийн ч, хэрэглэгчийн ч аль алиных нь эрх ашгийг хамгаалж чөлөөтэй итгэлтэй үйл ажиллагаа явуулах, сонголт бүхий (эрүүл саруул өрсөлдөөний) нөхцөл бий болгох, хяналт тавих замаар зах зээлийн шударга ёсыг тогтоон хэвшүүлэхэд үүргийг гүйцэтгэнэ. Наад захын жишээ татахад одоогоос 100 гаруй жилийн тэртээ (1800-аад онд) АНУ-д трестийн эсрэг хууль гаргасан. Энэ хуулиар монополийн эсрэг үйл ажиллагааг зохицуулан явуулж хэрэгжүүлдэг. <<Төр төмөр нүүртэй>> гэгчээр ямарч том нөлөө бүхий үйлдвэрлэгчид энэ хуулиа биелүүлэхийг шаардана. Жишээлэхэд <<IBM>> корпорацын (369.5 мянган ажилчидтай 37.2 млрд долларын актив бүхий) эсрэг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж хэрэг өдүүлээд хүлээлгэж чадалгүй 14 жил сунжирч байгаа юм.

Мөн түүнчлэн засгийн газар нийгмийн үйлдвэрлэлд ач холбогдолгүй, хүний ёс суртахуунд муу нөлөөтэй эсэхийг хянана. Хээл хахууль авах, их хэмжээний бэлэг өгөх, авах хэрэглэгч юм уу үйлдвэрлэгч бие биеэ луйвардах эрс хориотой. Жишээ нь ямарч том корпорацын удирдагч 50 доллараас илүү үнэтэй бэлэг авахыг хуулиар хориглох бөгөөд авсан нөхцөлд мэдэгдэж үнийн зөрүүг төлж өөрийн болгох, мэдэгдээгүй нөхцөлд хахууль авсан, шударга ёсыг огоорсон гэж үзэгдэж хариуцлага хүлээнэ.

Мөн АНУ-д худалдааны буруу аргыг хориглох холбооны хууль, Японд өвлүүлэлтийн татвар гэж байдаг байна. Энэ нь өв залгамжлахад нийт өвийн бараг 80 хувийг улс татварт авдаг. Энэ нь хөдөлмөрийн амтыг мэдэхгүй залуучууд гэнэт баяжиж зүй бусын үйл ажиллагаа явуулж зах зээлийн шударга байдлыг алдагдуулна гэж үздэгээс болдог.

Засгийн газар эдийн засгийн арга хууль эрх зүйн зохицуулалтаар зах зээлийн шударга ёсыг хангаж байдаг.

 

Эдийн засагч О.БАДРАЛ

1990.11.02