Шатахууны үнийн өсөлт “Инфляци”-г хөөргөддөг үү?

access_time 2017-12-01
remove_red_eye 4334

 

Австрийн эдийн засгийн сургуулийн төлөөлөгч эдийн засагч, профессор Кристофер Лингл “Mизес Монгол” ТББ-ын урилгаар Монголд ирэх гэж байна. 
Түүний нийтлэлээс та бүхэндээ хүргэе.

Шатахууны үнэ гэнэт ихээр өссөнтэй зэрэгцэн Евро болон Австрали долларын ханш огцом унасан нь (ханш нь үргэлжлэн буурсаар байгаа хоёр мөнгөн тэмдэгтийг л дурдав) бидэнд дэлхийн эдийн засаг хүндхэн байдалтай нүүр тулгараад буйг хэлээд өгөв. Импортын шатахуун нь инфляцийн голлох шалтгаан болж буй нь магадгүй эдгээр улсын санааг хамгийн ихээр зовоож байгаа асуудлал болоод байгаа аж. Эцэстээ, инфляцийн дарамт нь бодлогын хүүг өсгөхийг хүчилж, энэ нь эргээд эдийн засгийг удаашруулдаггүй гэж үү?

ОУВС-ын “Дэлхийн эдийн засгийн төлөв” илтгэлд “Ихэнхи улсуудын эдийн засагт инфляцийг хөөргөдөж буй гол хөдөлгүүр нь өсөн нэмэгдэж буй шатахууны үнэ” хэмээн зарлан тунхагласнаар дээрх айдсыг албан ёсоор баталгаажуулжээ.

Гэвч ОУВС-ын эдийн засагчид буруу оношилсон байна. Шатахууны үнийн өсөлтийг инфляцийн голлох шалтгаан гэж одоо ч тэр, ер нь хэзээ ч тэгж үзэх боломжгүй юм.

Юун түрүүнд, дийлэнх аж үйлдвэржсэн улс орнуудын инфляцийг хэмжих аргачлалд ашиглагддаг хэрэглээний сагсанд шатахуун болон эрчим хүч тун багахан жин дарна. Яагаад эрчим хүч багахан жин дараад байгаа учир нь эдгээр улс орнуудын эдийн засагт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ач холбогдол багасч, илүүтэй мэдээллийн технологи болон үйлчилгээний салбар луу шилжилт хийж буйтай нь холбоотой. Шинэ тутам хөгжиж буй зах зээлүүдийн дийлэнхид нь үндэсний мөнгөн тэмдэгт нь ам.долларын эсрэг сулраад буй нь ихээхэн түвэгтэй байдаг. Шатахуунтай холбоотой бүхий л гэрээ, хэлцлийг дэлхий даяар ам.доллараар хийдэг явдал нь дээрх хөгжиж буй зах зээлүүдийг давхар цохилтонд оруулдаг аж. Зөвхөн цөөн хэдхэн хөгжиж буй зах зээлд л (Индонези, Малайз, Мексик, Венесуэль г.м) энэ байдал нь ашигтайгаар тусдаг. Учир нь эдгээр улсууд өөрсдөө томоохон шатахуун экспортлогчид билээ. Иймээс зарим хөгжиж буй улс орнууд импортын газрын тосноос хамаарах хамаарлаа багасгах оролдлого хийгээд эхэлсэн аж. Тухайлбал, Тайланд улсын нийт импортод газрын тос 1970 онд 25 хувийг эзэлж байсан бол одоо 8 хувьтай байна.

Асуудлын бодит шалтгаан: Төв Банк

Бүхий л тохиолдолд, ямар ч улс оронд Төв Банкны зүгээс зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, хэрэглээг дэмжих оролдлого хийгээгүй тохиолдолд шатахууны үнэ өсөж, инфляци төдийлөн том асуудал болж чаддагүй. Хэрвээ Төв Банкууд өсөн нэмэгдүүлж буй мөнгөний нийлүүлэлтээ хумисан тохиолдолд, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчид зах зээлд рациональ хандаж шатахууны хэрэглээгээ багасгаснаар үнийг тэнцвэржүүлж чаддаг.

Шатахууны үнийн өсөлт нь инфляцийн шалтгаан болж чадахгүй гэдэг нь энгийн үнэн юм. Гэвч олонх хүмүүс эдийн засагт их хэмжээний мөнгөн тэмдэгт шахсанаар инфляци бий болчихдог гашуун сургамжийг мартчихдаг.

Илүү магадлалтай хувилбар дурдая гэвэл ДНБ-ийн өсөлт удаашрах явдлыг хэлж болох бөгөөд энэ нь ялангуяа шинэ тутам хөгжиж буй зах зээлд илүүтэй хамаарна. Шатахууны үнийн өсөлт инфляцид үзүүлэх нөлөөллийг хэмжихэд, баррель шатахуун 33 ам.доллар байх үед аж үйлдвэржсэн улс орнуудын эдийн засгийн өсөлт дараа жил нь дөрөвний нэгээс- тал хувьд хүртлээ буурсан бол хөгжиж буй улс орнуудын хувьд давхар хэмжээгээр буурсан байх жишээтэй.

Хэрэв Засгийн газар шатахууны үнийг тогтворжуулахаар татаас олгох гэх мэтийг туршвал байдал улам бүр муудах аж. Нутагт нь фермерүүд босож тэмцсэний хариуд, Тайландын засгийн газар 25 сая ам.доллараас ч илүүг төлсөн билээ. Гэвч улс төрийн зорилгоор хийгдсэн үйл ажиллагаанууд юмсын жинхэнэ зардлыг нууж, өнөөгийн асуудлыг урт хугацаанынх болгон хувиргахаас цаашгүй юм.

Америк долларын эсрэг тун хурдацтайгаар ханш нь суларч буй дээрх мөнгөн тэмдэгтүүдийн талаар ямар арга хэмжээ авч явуулбал зохистой вэ? Харамсалтай нь засгийн газрууд төдийлөн үр дүнтэй ажиллаж, байдлыг сайжруулж чадахгүй аж. Санаа зовоож буй асуудал гэвэл мөнгөн тэмдэгтээ хөл дээр нь босгох гэж бодлогын хүүгээ нэмэх гэх мэт туршилтууд явуулах хандлага ажиглагддаг. Энэ нь байдлыг бүр ч дордуулах юм.

Мөн л ямар ч тохиолдолд, гадаад валютын харьцах ханш болон эдийн засгийн голлох хувьсагчуудын харилцан хамаарал өнгөрсөн хугацаанд байснаасаа өөрчлөгддөг. Эдгээр голлох хувьсагчуудын дунд инфляцийн харьцангуй хувь (бага инфляци, чанга мөнгөн тэмдэгт), харьцангуй бодлогын хүү (өндөр хүү, хүчтэй мөнгөн тэмдэгт), эдийн засгийн харьцангуй гүйцэтгэлүүд (өндөр өсөлт, чанга мөнгөн тэмдэгт) гэх мэт ордог. Харин өнгөрсөнд гадаад худалдааны урсгал бараг дангаараа шахам хамгийн чухал гадаад валютын харьцах ханшийг тодорхойлогч байсан юм.

Гэвч энэ нь зөвхөн өнгөрсөнд л байлаа. Одоо хөрөнгийн зах зээл гайхалтай гэмээр даяарчлагдаж, тун их үр нөлөөтэй болсон. Нэг их наядаас илүүтэй ам.долларын арилжаа наймаа нэг өдөрт хийгдэж буй нь худалдааны транзакцын төлбөрийг төлөхөд шаардлагатай хэмжээнээс 10 дахин их юм. Эцэст нь хэлэхэд, гадаад валютын нөөцөө ашиглан эсхүл мөнгөний бодлогоор өөрсдийн мөнгөн тэмдэгтэд манипуляци хийх оролдлого ч үр дүнгүй болж байна.

Сул мөнгөн тэмдэгттэй улс орнууд инфляцаас сэргийлэхийг хүсвэл, шатахууны үнэ өсөхөд санаа зовоод байх шаардлага үгүй. Мильтон Фридман нэг удаа “Инфляци бол хаа сайгүй зөвхөн монетари үзэгдэл байдаг” хэмээн хэлсэн байдаг. Засгийн газар болон иргэд энэ үгийг санаж, үйл хэргээ явуулбал зохино.

2001 оны 04 сар

Нийтлэлч: Кристофер Лингл

Орчуулсан: Н.Хасар

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549