Монголын телевизүүд кино театруудын хэдэн хувийг бидний өөрсдөө бэлтгэсэн контент эзэлдэг вэ?  гэх асуултад уншигч та хэрхэн хариулах вэ. Кино урлагийн салбарт бол уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ үзэгчдэд хүргэхийг зорьж тасралтгүй ажилладаг. Нэг кино, нэг бүтээл бүрийн ард том баг, их хэмжээний хүч хөдөлмөр, мөнгө урсаж байдаг. Гэхдээ бид төгс бүтээлийг  анхдагчийг хараахан бий болгож чадаагүй байна.

“Том-Амжилт” компанийн дэргэдэх “Амжилт” студийн залуучууд сүүлийн хоёр жилийн туршид өөрсдийн хүч хөдөлмөр санхүүжилтээр “Мора” нэртэй Монголын анхны бүрэн хэмжээний дэлгэцийн хүүхэлдэйн киног амжилттай хийж дуусгажээ. Энэхүү хүүхэлдэйн кино нь 9дүгээр сарын 1-нд нээлтээ хийж кино театруудаар цацагдах юм байна. “Мора” хүүхэлдэйн кино нь анимейшн сонирхдог залуучуудад урам зориг эрч хүчийг хайрлаж байгаа гэнэ. Учир нь 90 минутын турш үргэлжлэх бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл Монголд хараахан мэндэлж амжаагүй юм.  “Мора” хүүхэлдэйн кино  технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой болж байна.

Монгол хүүхдүүд өөрсдийн гэсэн баатартай болох нь...

2000 оноос өмнөх үед Монголчуудад үзэх контент маш ховор байсан үе. Тухайн үед гадны хүүхэлдэйн киног Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрөөр  өглөө бүр 5 минутаар тасалж үзүүлдэг байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз. Дараа нь уран бүтээлийн “Боролдой” студи Монгол үлгэрүүдийг богино хэмжээний хүүхэлдэйн кино болгон гаргаж байсан. Монголын багачуудад өөрсдийн гэсэн баатар байсангүй. Тэд маань Шрейк, Прозен, Немо зэрэг гадны хүүхэлдэйн киног үзэж тэдгээр баатруудаар өөрсдийнхөө өрөө тасалгааг гоёж иржээ. Тэгвэл өнөөдөр бидний бяцхан үрс “Мора” киноны гол дүрийн  баатруудаар амьсгалах аж. Магадгүй “Мора” Монголын кино урлагийн зах зээл дээр тэсрэлт хийж чадвал гадны улсуудад гарах хаалга нь нээгдэх юм. Ингэснээр Монголын хүүхэлдэйн киноны баатрууд дэлхийн бусад орнуудад хүүхдийн тоглоом болон үйлдвэрлэгдэх боломжтой. Ямартай ч “Амжилт” студийн залуучуудын анхны бүтээл нь Монголын кино урлагийнхан болон кино театрынхнаас өндөр үнэлгээ авсан байна.

 

“Мора” хэрхэн бүтсэн бэ?

Хоёр жилийн туршид хийгдсэн “Мора” хүүхэлдэйн кино хэрхэн бүтсэн талаар кино сонирхогч уншигч та бүхэн доорх бичлэгээс үзээрэй. Телевизийн нэвтрүүлэг болон уран сайхны кино нь зохиол, дүр сонголт, зураг авалт, монтаж гэсэн процессоор явдаг бол анимейшн хүүхэлдэйн кино ажиллагаа ихтэй байдаг аж.

Хамгийн том асуудал нь зохиолдоо тохирсон баатрыг зурж амилуулах түүний үйлдэл бүрийг маш олон удаагийн  давталттайгаар зурахад оршдог гэнэ.

“Мора” хүүхэлдэйн киноны дуу

Киноны дууг залуу дуучин А. Хишигдалай, П. Баярцэнгэл нар дуулжээ. “Хайраас илүү”  нэртэй тус уран бүтээл нь   youtube.д тавигдсан цагаасаа хойш өндөр хандалттай явж сонсогчдын талархлыг хүлээсэн уран бүтээл болж байна.