Засгийн газрыг огцруулах асуудалд МАН-ын бүлгийн 31 гишүүн гарын үсэг зурсны дагуу УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж олонхын саналаар буюу 42 гишүүн огцруулахыг дэмжсэнээр Мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагаа дуусгавар боллоо. УИХ-д дэндүү олон суудал авсан нам дараагийн сонгууль хүртэл Засгийн газраа унагадаг бичигдээгүй хуультай болж. МАН олонх болсон цагаас эхлээд ерөнхийлөгчийн сонгуулийн пи-араа хийж эхэлсэн У.Хүрэлсүхэд М.Энхболд болон намын лидерүүд нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгоогүй юм. Магадгүй У.Хүрэлсүх дэвшсэн бол МАН ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлалтай байсан. Гэвч түүнд хүч дутсан. Ингэж нэр дэвших эрхээсээ мултарсан У.Хүрэлсүх намаа хоёр хувааж улс төрд чирч орсон дүү нараа болон учраа ойлгохгүй шинэ гишүүдээр хамгаалалт хийж засгийн газраа унагаж чадлаа. Мэдээж түүнд МАН-ын нэр бүхий зарим гишүүд маш их хүч өгч өгснийг уншигч та гадарлаж байгаа биз.

Намынхаа дотоод эв эеийг хангаж чадаагүй мөн ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагасан М.Энхболд энэ удаад намынхаа залуучуудыг дийлсэнгүй. МАН-ыг хамгийн муухай харагдуулсан засгийн газрыг унагах хэмжээний том шуугиан бол 60 тэрбумын хэрэг байлаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ уналаа. Харин М.Энхболд дарга хэзээ ажлаа өгөх вэ. Тэр намаа атгасан гар шиг зангидаж чадсангүй. М.Энхболд ажлаа өгвөл намын дарга  ерөнхий сайд болно. Засаг унагасан нөхдүүдээс ерөнхий сайд хийчих улс төрийн арвин туршлагатай хүмүүс  У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр хоёр юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр аль нэг фракцыг дагаж ашиг сонирхол хөөдөггүй гэдгээрээ нэр цэвэр хүн. Харин У.Хүрэлсүх тулахтай удирдагч жинхэнэ Монгол эр хүн гэх Ерөнхийлөгч Х.Баттулгатай адил хэмжээний “Монгол эр хүн” гэх пи-артай. Зарим хэвлэлээр түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хариуцуулан бичдэг юм.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын албыг У.Хүрэлсүх Ж.Энхбаяр хоёрын аль нэг нь хаших нь тодорхой боллоо. Аль нь ч байсан ялгаагүй. Гол нь 2020 оны сонгуулиас өмнө уначихааргүй засгийн газар л байгуулаасай даа. Жил хүрэхгүй ерөнхий сайд хийсэн гэж төрийн ордонд зургаа өлгүүлэх чанаргүй ерөнхий сайдууд ахин бүү тодроосой бурхан минь.