“Энканто”-гийн нууц тохироо

access_time 2017-09-14
remove_red_eye 1896

Ямар ч үнээр хамаагүй Ж.Эрдэнэбатыг огцруул гэсэн У.Хүрэлсүхийн УИХ дахь хүчээр багцалсан 30 кноп амжилтад хүрлээ. АН-тай нийлж байгаад Мэргэжлийн Засгийн газрыг хавсарч унагав. Өөрөө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж Б.Жавхлан гишүүнээр УИХ-ын чуулган дээр үг дайж явуулсан ч хуулийн хоригт тээглээд хүсэл нь талаар болсон. Их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн үлгэрээр У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудал улам л алсарч байгааг МАН дахь дотоодын эх сурвалжууд нь ярьж эхэллээ.

Яагаад гэвэл У.Хүрэлсүх намаасаа ч, хүчээр багцалсан УИХ дахь 30 гишүүнээсээ ч итгэл хүлээх улс төрийн чадамжгүй нэгэн болж хувирч байгаа аж. Саяхан л Ардын намын аврагчаар тодорч, дараагийн даргад нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байсан У.Хүрэлсүх эргээд буланд шахагдах болсон шалтгаан тун энгийн. Ерөнхий сайд болох гэж зүтгэсэн тэр мөрөөдлөө дарахаас өөр аргагүй байдалд өөрийнх нь найруулсан “Тагнуултай кино” нь оруулж байгаа юм байна.

Задрал

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, нэг ёсондоо У.Хүрэлсүхийг дагагч УИХ-ын гишүүдийг дотор нь дор хаяж гурав хувааж болохоор байгаа юм. Нэг хэсэг нь түүний босгосон НАМЗХ, Зүүн хүчний холбоогоор дамжиж улс төрд орсон учраас өр төлөх байдлаар явж байсан. Нөгөө хэсэг нь Засгийн газар унагах замаар дараагийн албан тушаалын хуваарилалтад орох сонирхолтой, нэг ёсондоо гомдогчдын бүлэг байсан юм. Харин дахиад нэг хэсэг нь Ерөнхий сайд нь Шадар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнуулаар мөрдүүлээд байхдаа яахав дээ гэсэн итгэл үнэмшлээр У.Хүрэлсүхийг дагагчид байлаа. Тэгвэл өөр, өөр сонирхолтой, өөр өөрөөр асуудлыг харсан 30 гишүүний механик нэгдэл задарч байгаа нь ердөө л цаг хугацааны асуудал байжээ. Эхний хэсэг нь У.Хүрэлсүхэд үнэнч үлдэж болох ч хоёр дахь хэсгийнхэн хоолондоо орох гэж дор бүрнээ хуваагдаж байгаа нь нууц биш. Одоо тайлбарлая.

Ерөнхий сайдыг УИХ-аар огцруулахаас өмнө Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ УИХ-ын хаалттай чуулган дээр мэдээлсэн. Энэ хурлуудын дараа нэлээд олон гишүүний итгэл үнэмшил эргэсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Яагаад гэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийг нь тагнуулаар мөрдүүлж байна гэх детектив зохиолын автор нь У.Хүрэлсүх өөрөө байсныг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо бараг л “тогтоочихсон”.

Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудал учраас л Сү.Батболд албан ёсны тайлбар өгөхөөс цааргалж, хэвлэлийнхнээс холуур зугтсаар өнөөдөртэй золгосон болохоос эрүүл нүдээр харахад бүх юм ил болоод байгаа билээ. Тухайлбал, Тусгай хяналтын дэд хорооны тэр хурал болсны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ноцтой мэдэгдэл хийснийг хүмүүс санаж байгаа байх. Тэрбээр Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийн талаар юу ч яриагүй боловч “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн мэдээлэл баталгаажлаа” гэх үгийг амнаасаа унагасан. Тэгэхээр Э.Идэрцог юу гэж хэлж байсныг л санахад л болох нь.

Э.Идэрцог 2017 оны наймдугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ “… У.Хүрэлсүх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийгөө тагнасан гэх мэдээллийг хэвлэлээр тараасан” гэх үгийг хэлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын хаалттай чуулганы талаар цухас өгүүлсэн нь бий. Тэрбээр “…Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Төрийн байгууллагад үүрэг өгч тагнаж чагнаагүй юм байна” гэж хэлсэн юм.

Нэгдэл

Дэмжлэг нь буурлаа гээд У.Хүрэлсүх бууж өгөх хүн биш. Өөрөө биш юм гэхэд өрөөлөөр засаг удирдуулаад цаанаас нь залуурдаж суух хувилбар руу тэр шилжиж байгаа аж. Иймээс ч хэсэг бүлгээрээ энд тэнд МАН-ынхан тохироо хийж байгаа бололтой. Сингапурын, Сэлхийн гэх нууц уулзалтуудын тухай мэдээлэлтэй зэрэгцэн “Энканто”-гийн нууц тохирооны тухай яриа Тусгаар тогтнолын ордны цагаан байрнаас халиад Төрийн ордноор яригдаж эхэлжээ.

Нам дахь дэмжлэг, Төрийн ордон дахь тулгуур нь суларсан У.Хүрэлсүх нэгэн шинэ нэгдлийг бий болгохоор “Энканто”-д уулзалдсан гэх мэдээ байна. Тэр уулзалтад У.Хүрэлсүхийн гэх тодотголтой залуус, УИХ-д хэдэнтээ сонгогдсон цөөнгүй гишүүн ирсэн юм байна. Ингээд хэнийг дараагийн Ерөнхий сайд болгох вэ гэдэг дээр багагүй яриа хөөрөө өрнөжээ. У.Хүрэлсүх өөрөө нэгэнт нийгмийн ч, намын ч дэмжлэггүй болсон учраас хэд, хэдэн нэрэн дээр тогтож ярьсан байна. Эцэст нь У.Хүрэлсүхийн санал давамгайлж УИХ-ын гишүүн, намдаа нэр хүндтэй, намын их бага хурлууд дээр олны дэмжлэг авах магадлал зэргийг нь харгалзаж Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгох хувилбар дээр санал нэгдсэн аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2017 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549