Жуулчид төлбөр тооцооныхоо 74 хувийг бэлнээр төлдөг

access_time 2017-02-25
remove_red_eye 33292

-Хагас жилийн байдлаар Монголд аялагчдын тоо 9.7 хувиар нэмэгджээ-

Эдийн засгаа олон тулгууртай болгох талаар ярьж ирсэн. Гэвч уул уурхайгаас хэт хараат хэвээр байгаа. Өнөөгийн хямралт байдал уул уурхайг хэт шүтсэнээс болсон гэдгийг хүн бүр л ярьж байна. Тэгвэл эдийн засгийн олон тулгуурын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн тодорхойлж буй.

Гэхдээ аялал жуулчлал хөгжүүлэх талаар дорвитой ажил хийж, жуулчдын тоог бодитоор нэмж чадаагүй. Үндсэндээ хий ярихаас хэтрэхгүй байгаа билээ. жилд нэг сая жуулчин хүлээж авна гэж байгаа ч 400 мянга дээр гацчихдаг. Тэгэхдээ барилга барихаар орж ирж буй жуулчны визтэй хятадууд энэ тоонд нь багтаж буй юм. Уг нь жуулчдын тоо өсөх тусам манай улсад орж ирэх гадаад валют, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэх учиртай. Монголд ирсэн жуулчдаас наадмыг эс тооцвол хүний сонирхол татах бүтээгдэхүүн ховор, өргөн уудам нутагтай зам маруухан гэсэн шүүмжлэл байнга гарч ирсэн. Тухайлбал, Өвөрхангайн Хархорин суманд Эрдэнэ зуу хийдийг үзхээр очсон жуулчин “Үүнийг л үзүүлэх гэж намайг ийм хол газар сэгсчүүлэн байж авч ирсэн юм уу” хэмээн гомдоллон нулимс дуслуулсан гэдэг яриа бий. Бид ирсэн жуулчиддаа ихэвчлэн Хөвсгөл далай, Өмнөговийн Гурван тэс, Ёлын ам, Алтай Таван богдын байгалийн үзэсгэлэнг сонирхуулахаас хэтэрдэггүй. Хатуухан хэлбэл аяллын хөтөлбөр хүчээр тулгадаг. Тэр нь таалагдах нэгэн байхад үл ойшоох нь ч бий. Тэгэхээр хүний сонирхол татсан, дахин ирэх, найз нөхдөө уриалах сэтгэгдэл төрүүлсэн аялал жуулчлалын шинэ шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр яах аргаггүй үгүйлэгдэж буйг тус салбарынхан хэлдэг билээ.Энэ нь манайд аялах жуулчдын тоо төдийлөн өсөхгүй байгаа нэг гол шалтгаан юм. Харин энэ жилийн байдлаар манай улсад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээгээр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны 6 дугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоо 42823 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгджээ.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл япон (+9%), америк (+0.4%), орос (+18%), казакстан (+4%), герман (+0.5%), австрали (+50%), франц (+38%), солонгос (+35%) жуулчдын тоо өсөж, харин хятад (-3.8%) болон англи (-1.8%) жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22, БНХАУ 17, ОХУ 17, АНУ болон Канадын жуулчидзургаан хувийг тус тус эзэлж байна. Судалгаанд оролцсон нийт жуулчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй. Эдгээр жуулчны 51 хувь нь хувиараа, үлдсэн нь тур оператороор үйлчлүүлж аяллаа зохион байгуулжээ. Нэг жуулчны Монголд зарцуулж буй мөнгийг тооцоход нэлээд хүндрэлтэй.

Тухайлбал,манай болон бусад орны инфляцын түвшин ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж нэг жуулчны зарцуулж буй дундаж зардал жил бүр аль улсаас ирж буйгаас шалтгаалж өөр өөр гардаг аж. Тухайлбал, БНСУ-ын нэг жуулчин 2011 онд 14 хоногт 794 ам.доллар зарцуулж байв. Тэгвэл энэ онд 1556 ам.доллар болжээ. Судалгаанаас үзвэл таван жилийн өмнө дээрх хугацаанд Монголд ирсэн нэг жуулчин 1350 ам.доллар дунджаарзарцуулж байж. Харин энэ жил хувиараа аялж буй нэг жуулчин хоёр долоо хоногт 1774 ам.доллар зарцуулав.Ингээд хувиараа аяллаа зохион байгуулагчдынзардлын тооцоог сонирхоё.Тэдний нийт зардлын 30 хувь нь зочид буудал, хөлсний орон сууцанд,ресторан хоолны газарт 24 хувь ногдож байгаа юм. Тур оператораар үйлчлүүлжбуй аялагчид 2383 ам.доллар зарцуулжээ. Эдгээр аялагч нийт зардлынхаа 72 хувийг жуулчны компанид төлсөн судалгаа гарав. СудлаачидМонголд ирсэн жуулчдын зардлын тооцоог гурван жил тутамд шинэчлэн тогтоох ёстой хэмээн үзэж буй юм. Жуулчид манай улсад аялах хугацаандаа төлбөр тооцооныхоо 74 хувийг бэлнээр, үлдсэнийг нь карт ашиглан төлдөг аж. Тэгэхээр бидний сонирхож хөгжүүлэх гээд байгаа аялал жуулчлалын гол зорилго нь мөнгө олох. Жуулчдын авч ирэх гадаад валют.Иймд тэдэнд чанартай үйлчилгээ, сэтгэлийг нь хөдөлгөж байж аль болох илүү их валютыг нь авч үлдэж чадна. Үүний тулд хүний сонирхолыг татах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр яах аргагүй хэрэг болж буй юм. Бид энийг сайн ойлгож ярьж хэлдэг ч хийж чадахгүй өдий хүрч байгаад л хамаг учир байна.

Ж.ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549