Хэлмэгдсэн сэхээтэн байна уу?

access_time 2017-12-01
remove_red_eye 35193


Нэгэн нэгийн нэг

Бодоод бодоод бодын шийр дөрөв.

2 жилийн өмнөх хэт хялбаршуулсан статистик: Монгол улсын хүн ам 3 сая,  тэдгээрээс 76 нь авилгач.

Өнөөдөр ахиад л 76 хүн. Муу муухай бүхний үндэс болсон 76 хүн хэзээд олдох юм даа.

Тиймээ тийм. 76 гэдэг бол ард олны аманд хоногшсон улс  төрийн хэлц үг. Авилга, хулгай луйвар, хямрал сүйрэл гэсэн үгсийг 6, 7 гэсэн хоёр цифрээр илэрхийлдэг болоод удаж.

Сүүлийн хорин хэдэн жилийн  6 удаагийн сонгуулиар 450 гаруй суудал сэлгэгдэж, нийт 300 орчим хүн улсын их хурлын гишүүн гэгдэж.  Тэдгээрийн талаас илүү нь ганцаардагчид, хэлмэгдэгчид, сулхан тоглогчид юмуу  суудал бөглөгч, кнофчин төдийхөн байгаад мартагдсан байна.

Энгээд нэр бүхий 100 орчим хүмүүс тунаж үлдэнэ, тэд бол туг барилцсан хүмүүс.

100 хүнээс 4  нь ерөнхийлөгч, 10 нь ерөнхий сайд, бусад нь засгийн газрын сайд, төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүс. Цөөн хэдээс бусад нь  улсын их хуралд 2 болон түүнээс дээш удаа сонгогдсон.

Хөндлөнгөөс харвал  нутаг усандаа нэртэй сүртэй, нам фракцдаа нөлөөтэй,  хөрөнгө бэлтэй, мундаг  боловсролтой,  амжилттай хүмүүс.  Биеэ засчихсан, гэрээ засчихсан, одоо улс орноо хөгжүүлэх их эрмэлзэлтэй, эх орончид, өглөг хишиг тараасан үлгэр жишээ сайн сайхан хүмүүс.

Тэд үүрэг хариуцлага хүлээсэн, тэд улс төрийн халуун тогоонд чанагдсан. Тэд асуудлыг арай өндөрлөгөөс харж байсан хүмүүс.  Тэднийг монголчууд 76 гэж ерөнхийлөн нэрлээд, нэг шуудайд хийж гөвшөөд удаж байна. Тэдний алдаа оноо улс орны хувь заяа, хүн ардын амьдрал амжиргаанд үлэмж нөлөөтэй байсан нь (байгаа нь) үнэн л дээ.

Гэтэл нэр бүхий 100 хүн тус тусдаа бодолтой,  өөр өөрийн харах өнцөг  үнэлэмжтэй хүмүүс.

Тэд бас өөр өөрийн эрх ашигтай, түүнийгээс нуусан тус тусын хуурамч төрхтэй. Олны өмнө хоорондоо тун төстэй юм ярьдаг. Ихэнх нь төвтйг сахидаг. Аливаа хурц асуултаас бултаж булздаг. Бөөрөнхййлдөг. Ерөнхийлдөг. Олон нийтэд таалагдах эсвэл олон нийтийн уур бухимдлыг хүргэх гэсэн 2 төрлийн зүйлсийг л ихэвчлэн ярина. Тэд яг үнэнийг ярьдаг болов уу.

Нийтлэг тал нь тэд өөрсдийгөө аваад явчих ухаантай, чадвартай хүмүүс. Харин улс орноо зөв зүйтэй аваад явчих ухаан нь дутсан уу, сэтгэл дутсан уу? Эсвэл нөхцөл байдал маш муугаар эргэх байсаныг тэд маань л сэтгэж зүтгэж өнөөдөр энэ дайтай байна уу энэ улс орон.

Тэд юун дээр эвлэсэнгүй вэ? Тэдний улс орноо бодох сэтгэл зүтгэлийнх нь нийлбэр яагаад хасах утгатай гарчихав? Олонхи нь увайгүй хуурамч байв уу?

Тэдний сэтгэл дотор яг юу байдаг юм бол?  Тэд амьдралыг ямар нүдээр харж, юу гэж ойлгож, эгэл олон түмэнд дотроо яаж ханддаг юм бол?

Тэд шуналын туламнууд гэж үү. Идэж ууж ханадаггүй бирдүүд гэж үү. Тэд алуурчид уу?

Тэд хэд хэдэн тал болсон мафиуд уу? Тийм юм бол хааяа хааяхан сөнөөж буй улс орныхоо тухай боддог болов уу? Тэд хүмүүсийг өрөвдөг үү? Тэд бас айдаг болов уу? Гэмшдэг болов уу?

Тэд бүх нөхцөл байдлыг хянаж байгаа гэж үү. Эсвэл тэд усан тэнэгүүд үү?

Тэдний зарим нь улс орныхоо төлөө чөмгөө дундалж яваа эх орончид уу? Тэгээд тэр цөөнхийн хүч нэгэл мөхөстөөд байна уу? Буруу булхай бусад шиг адилхан харагдаад хэлмэгдэж явна уу? Хэлмэгдэж хараагдсан ч өөрийн үүргээ биелүүлж, чадах ядахаараа чардайж явна уу?

Хэн нь яг үнэндээ юу бодож, юунд зорьж,  эсвэл хэнийх нь урам хугарч, сэтгэлээ бор дарсаар дэвтээж, хэн нь огт учраа олохоо байж, хэн нь ердөө л амиа аргацаах арга хайж.. хэн нь яаж байгаам бол?

Цаг хугацаа эдгээр хариултыг хожим хойно өгч болох ч өнөөдөр бидэнд зарим хариултууд яалтчгүй хэрэгтэй байна. Хэн нь хэн юм бол?

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549