Ууртай Монгол хүн

access_time 2017-12-01
remove_red_eye 51366

Зургийг (ANGRY MONGOLIAN гэж google-с хайж авсан болно)

Авъяаслаг Монголчууд, Монголын нээкст топ модел гэх мэт олонд хүртээлтэй контентууд үзэгчдэд хүрсэний дараа ард түмэний ааш аяг ер нь ямархуу байна гэдгийг амархаан мэдчихэж болохоор болж. Бараг ихэнх нь стресдсэн ядарсан муулсан атаархсан дайрч давшилсан Монголчууд.

Сая цагаан сараар Танайд Хоноё тусгай дугаар гарсны дараахь ч нөхцөл байдал яг адилхан. Би бол тэр нэвтрүүлгийг үзээд нээрээ тэр хайрханд очиж үзмээр маш их санагдсан. Уул ус, түүхт хангайгаа сурталчилсан сайхан нэвтрүүлэг болсон. Жил бүр хүмүүс очиж сүслэж л байдаг хайрхан шүү дээ. Яваагүй нэг нь явсаныгаа муулна, явсан нэг нь яваагүйгээ муулна. Тамын тогооны үлгэр. Заавал ингэж дэмий юманд цаг нервээ барах шаардлага байдаг ч юм уу.  Хамгийн тэнэг нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын профайлууд тиймэрхүү өдөөн турхирсан янзтай постууд гол үүрэг роль гүйцэтгэн цацахыг нь яана.

Би саяхан хэсэг хүмүүстэй шинээр танилцаж ярилцаж суулаа. Нутаг нутагийн л хүмүүс байсан. Удахгүй нутаг усаа ярилцаж эхлэв. Ярианаас цухас дурдвал: Сүхбаатарт хурдан мориний нутаг биш гал шараас салхинд туугдаж очсон… Дөрвөд хүн хүн биш… Шанаган тав шавхаруун гурав… гэх мэтчилэн тун удалгүй муудалцах нь холгүй болцгоов. Энэхүү яриаг сонсоод угаасаа бидний цусанд гэх юм уу хүмүүжилд гэх үү бие биенээ доош нь хийж өөрийгөө дөвийлгөх чанар яс маханд шингэтэл байдаг юм байна гэсэн бодолд хүрэв. Гэхдээ яагаад заавал тийм байх ёстой гэж ухамсарт, хөгжил технологийн манлайд хүрсэн нийгэмд амьдарч байж өөрчлөгдөж болохгүй гэж.

Бас нэг жишээ. Дүүгээрээ машинаа гражад байрлуулав. Төд удалгүй хаалга тогшоод нэг нөхөр зодох нь холгүйгээр дайрч давшилав. Чи намайг мэдэхгүй. Энэ бол миний зогсоол. Би бол том гар шүү чам шиг пацааныг яаж бол яаж ч чадна гэх мэтчилэн. Зүгээр жижигхэн асуудалд ийм нухацтай ууртайгаар хандах жишээний.

За тэгээд замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсээс бол бүр бөөн бөөнөөр нь иймэрхүү УУРТАЙ МОНГОЛ ХҮМҮҮСийг олж харах боломжтой. Гоё сайхан хүүхэн, ганган залуу, намбатай өвөөд баймааргүй зан чанаруудыг олж харах боломжтой.

Улс төрийг бол бүүр орхиё.

Дүгнэлт: Ер нь хүмүүс бодох байх. (Бид тэнгэр заяат хөх толботой, Агуу Чингис хааны үр сад гэх мэтчилэн). Тийм л сүрхий юм бол яагаад ийм их боломж, ийм их түүх, ийм их алт баялагтай байж аймар УУРТАЙ, ядуу, арчаагүй, стрестэй, утаатай байгаа юм. Миний бодлоор ерөөсөө л сэтгэлийн амар амгалан, эв эеийг хичээж бие биенээ хүндлэх хүндлэлээ бүр ор тас хаясан болохоор бид ийм байгаа юм.

Хэрэлдэж уралдаж талцдагаа болчих л доо. Энэ улсын хөгжил хүн нэг бүрээс хамаатай. Эв эеийг хичээхгүй бол хэдэн цөөхөн монгол минь удахгүй сүйрэх нь. Амны билэгтэй, ашдын ерөөлтэй үр хүүхэд минь үлдэх орчлонд хүмүүс минь бие биенээ бодож цайлган цагаан сэтгэлийг эрхэмлэж амьдарцгаая Монголчуудаа.

Гантөмөрийн Шинэбаяр.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549