Төрийн нууцаа задлая!

access_time 2017-12-01
remove_red_eye 15795

 Нууц задлая. Нууц ч гэж дээ, нуух хаах юмгүй үнэн л дээ. Харин яг төрийн нууц гээч нь мөн эсэхийг тагнуулынхан шалгаад надтай холбогдвол холбогдоно биз.

Ер нь манай улсын тагнуулын алба яг ямаршуу ажил хийдэг бол?

Өндөр хөгжилтэй орнуудаас хоцрогдсон чагнах тагнах төхөөрөмж хандив  тусламжаар  авдаг л байх даа.  Өө тэгээд тэр төхөөрөмж мөхөөрөмжийнх нь тоо ширхэг  мэдээж төрийн нууц учраас төрийн нууцыг хариуцдаг хэдэн гаруудын хэнийх нь ч халаасанд явж байж мэдэх л юм.

Монголоос хаашаа очиж хэнийг ч тагнах юм билээ. Гадагшаа бол худлаа. Дотроо бол аль аль нь улаан цайм Но-той, Но нь нотлогдчихсон тодорхой л хүмүүс  шүү дээ бид.

Манай нэг бүтэлгүй тагнуулч одоо УИХ-ын гишүүн болцон байгаа, америкт юугаа хийж  яваад ял зэм авчихсан юмбэ,  ямартай ч court record гээд шүүхийн мэдээллийн санд нь унаган нэр устайгаа заларчихсан байдаг юм.  Одоо бол нэрэндээ жаахан засвар хийгээд шинэвтэр нэрээр УИХ-ын гишүүн. Хүмүүс андахгүй л дээ хөөрхийг.

За гол асуудал. Төрийн нууцаа задлая даа.

Монголын төрд ямар ч нууц байхгүй. Энэ бол төрийн нууц. Ингээд л болоо. Гүйцээ.

Монголд төрийн нууц гэж байсансан бол тэр нь нэгэнд хэрэгтэй юмуу сонирхолтой байгаагүй л хэрэг. Хэрэгтэй байтлаа нууц мэдээлэл байгаад байсан бол хэн нэг нь хулгайлж зарж таарнаа даа.  Тэгэхээр нэгэнт зарагдсан мэдээллийг нууц гээд ч яах билээ. Зарагддаггүй хулгайлагддаггүй мэдээллийг нууцлаад байх нь хошин.

Төрийн гэсэн юм болгон төрийн хүмүүсийн ашиг хонжооны хэрэгсэл байдагыг санаарай.

Хувь хүмүүсийн нууцалбал зохих мэдээллүүдийг төр цуглуулдаг. Хүн болгон тэрхүү мэдээлэлд нэвтэрдэг бол шударга байхсан, гэвч холбогдох хурган дарга мэргэжилтэнүүд хийгээд ерөнхий бүдүүн эрх дархтангууд бол хүссэнээрээ хөдөлгөнө шүү дээ тэр мэдээллийг.

Хэдэн жилийн өмнө нэгэн ерөнхий сайдын маань хүргэн хүүгийн компанийн мэдээлэл Хуулийн этгээдийн бүртгэлийн сан дээр шуурхай засвар хийгдэж олныг гайхшируулж байж билээ.

Монголын иргэний бүртгэлийн, эд хөрөнгийн бүртгэлийн, татвар санхүүгийн бүртгэлийн материалууд  хэнбэ гуайд ч юм бэ хэрэгтэй байдагсан бол хэдэн арван хувиараа копидогдоод зарагдчихсан л байгаа.

Улсын нууцгүй улсад хувийн нууц ч гэж алга. Таныг танаас илүү мэддэг, таныг амархаан шоглочихож чадах эрх мэдэлтэнгүүд хангалттай олон байж ч болох юм. Эвгүй байгаа биз.

Эвгүй аргаар ул шагайх техник нэг нэртэй нийтлэлч дээр хэрэгжиж, нийгмийн даатгалын санд бүрдүүлж өгсөн материалыг нь олны өмнөх дэлгээд л нээх бүтэлгүй юм болсон доо саяхан.

Нууцалж болмоор чухал мэдээлэл Авилгатай тэмцэх газар дээр бүрдэж болох л байлаа. Улсын хамаг авилгачдын жагсаалт, авилга авсан өгсөн нарийвчилсан бүртгэл гээд л олон түмнээс маш онц нууцлууштай төрийн нууц!  АТГ мэдээж бүхэн л бүтэн улс оронтойгоо яаж ч тэмцэх билээ дээ. АТГ үнэхээр авилгатай тэмцэж эхэлвэл энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой айхтар хэрэг болж таараад Тагнуулын ерөнхий газар тун ч их сандрах байсан биз дээ.

Зарим төрлийн мэдээллийн санг бүрдүүлэх нь нууцлах хэрэгтэй мэдээллийг ил гаргачих аюултай. Тухайлбал  улаанбаатарын газар олголттой холбоотой шийдвэр,  газар эзэмшигчид,  тэдгээрйн шилжилтийн мэдээллийг нарийвчилсан мэдээллийн сан байсансан бол, түүн дээр бяцхан анализ хийхэд л тэндээс их том гайхсан нүдтэй хүний нууц нь хөдлөшгүй баримттайгаар дэлгэгдэх байв.

Төрийн нууц гэж байхгүй,  төрд шургалагчдын нууц гэж бий. Тэр нууцыг хамгаалдаг тогтолцоо бол бий.  Тэр нууцыг илрүүлдэг тогтолцоо хэрэгтэйсэн.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549