ДЭЭД БОЛОВСРОЛ “ҮНЭГҮЙ” ШАХУУ БАЙХАД УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ БАЙХ НЬ ГАРЦААГҮЙ ЮМ БИШ ҮҮ!!!

access_time 2017-12-01
remove_red_eye 533

Дэлхийд нэг хүн амд ногдох дипломынхоо тоогоор Монгол улс нэлээд дээгүүрт жагсдаг гэхэд хэлсдэхгүй биз ээ. Дээд боловсролын диплом гэдэг уул нь иргэний үнэмлэх шиг хүн бүхний авдаг зүйлийн нэг бол биш. Гэтэл Монголд дээд боловсролын диплом аль хэдийнээ утгаа алдаж дээд боловсрол үнэ цэнээ алдсан гэвэл хилсдэхгүй. Тэр хэрээрээ ч их дээд сургуулиудын төлбөр хямдхан гэдэг үгэнд “хүчгүйдэж” сургалтын ‘‘чанар’’, гээч зүйл шалан дээр уначихаад байгаа билээ. Манайхаас бусад оронд дээд боловсролыг маш өндөөр үнээр олгодог. Тэр хэрээрээ тухайн оюутныг маш өндөр түвшинд суралцуулж мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэдэг. Гэтэл манай улсад их дээд сургуульд элсэн орж буй оюутны 1 жилийн сургалтын төлбөр нь ердөө 1000$ буюу хоёр сая таван зуун мянган төгрөг. Энэ нь Samsung, I-phone брендийн ганцхан шинэ загварын утастай дүйцэхүйц үнэ өртөг юм. Бүхэл бүтэн Их дээд сургуулийн 1 жилийн төлбөр… Их дээд сургуулиуд нэг талаар бизнесийн байгууллага гэж үзэхэд тухайн сургуульд элсэн орсон оюутан 1 жилд төлсөн 1000$ буюу хоёр сая таван зуун мянган төгрөгөөрөөрөө юу заалгаж юу сурах вэ гэдэг одоогийн нөхцөл байдалд маш хүндхэн асуудал болоод байгаа юм. Яагаад гэвэл сургалтын төлбөр нь дэндүү хямдхан. Ингэж хэлсний учир гэвэл тухайн оюутныг 1 жилийн хугацаанд суралцуулахын тулд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, ном сурах бичиг, багшлах багшийн цалин, анги танхим, цахилгаан зарцуулалт гэх мэт 1 оюутанд ноогдох зардал тухайн оюутны төлбөртэй дүйцэхүйц байгаад байгаа нь их дээд сургуулиуд “чанар”-гүй боловсрол олгож буй бас нэгэн томоохон үндэслэл болоод байгаа юм. Манай их дээд сургуулиуд одоо ямар зарчмаар явж байна вэ гэхээр чанартай, мэдлэгтэй мэргэжилтэнг бэлтгэж гаргахаасаа илүүтэйгүүр аль болох олон оюутан элсүүлж авч байж тэд багахан ашгыг олж авдаг. Тэр хэмжээгээрээ олон чанаргүй оюутнуудыг төгсгөн гаргаж байгаа нь нийгмийн бас нэгэн гажуудал болоод байна. Эсвэл Монголд монополчлогдсон “улсын” гэгдэх их дээд сургуулиудыг хувьд гаргаснаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болж их дээд сургуулиуд төлбөрөө нэмж тэр хирээр чанартай боловсрол эзэмших оюутны тоо нэмэгдэх боломжтой юм. Гэвч “Нам” гэх том халхавчаар дэмжлэг аван үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд хувьчлагдах нь бас юу л бол… Нөгөөтэйгүүр ард иргэд өөрсдөө энэ гажуудлыг уухайлан дэмжиж байгаа нь бас нэгэн асуудал юм. Хүн бүхэн хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд сонгуульд нэр дэвшиж буй алЬ нэг нам эвслийн гишүүнд их дээд сургуулийн төлбөрийг багасгаж өг, битгий нэмүүл гэж санал болгодог бол. Сонгуульд нэр дэвшиж буй нөхөр ард түмнээс санал авахын тулд их дээд сургуулиудын төлбөрийг энэ хэмжээнээс хэтрүүлэхгүй гэж амлалт өгөн их дээд сургуулиудын захирлуудад үнээ нэмэхгүй байх үүрэг өгдөг. Ингэснээр нөгөө л нэг “Чанар”-гүй гэгдэх тогтолцоо нэгэн хэмнэлээр үргэлжилж байгаа юм. Манай улсад жил бүрийн хавар нийтдээ 30 гаруй мянган оюутан их дээд сургуулиа төгсдөг гэвэл тэдний хэд нь их дээд сургуульд сурсан мэргэжлийнхээ дагуу ажилд орж, харин хэд нь мэргэжлээсээ тэс өөр “Диплом” өвөртөлсөн худалдагч, жолооч, мужаан, засварчин хийж байна вэ? Худалдагч болохын тулд нягтлангийн ангид элсдэг, утасны ченж хийхийн тулд электроникийн ангид элсэн суралцах шаардлагагүй. Хөдөө мал маллаж байсан хүү нэг өглөө хот орж оюутан болно гэж ирээд хий хоосон дөрвөн жилийг эцэг эхийнхээ хураасан хамаг хөрөнгийг, буянт малынхаа үр шимийн хэдэн төгрөгийг чанаргүй боловсролын төлөө их дээд сургуульд элсэн орж байхаар малаа хариулаад эсвэл тэр цаг хугацаандааа ажил хийгээд явж байвал өөрт хураасан цалинтай төдийгүй улсад хэрэгтэй биш гэж үү? Уг нь манай улсад хийх ажил маш олон бий. Даанч түүнийг хийх чадварлаг боловсон хүчин цөөн. Гадаад дотоодын компаниудаас тавьсан өндөр цалинтай ажлын шаардлагад тэнцэх мэргэжилтэн олдохгүй байгаа нь манай сургалтын чанар болон сурах орчин ямар байгааг харуулж буй нэг жишээ. Мөн өнөөдрийн байдлаар манайдаа тэргүүн эгнээнд бичигддэг томоохон их дээд сургуулиудыг олон улсын жишгээр эрэмбэлэхэд хамгийн сүүлээр жагссан байх жишээтэй. Энэ бол Монголын их дээд сургуулийн чанар ямархуу байгааг илтгэж байгаа юм. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Хямд үнээр чанаргүй л бараа худалдан авдаг. Үүнтэй адилаар зах зээлийн нийгмийн бичигдээгүй энэ хууль дээд боловсролын салбарт ч хамаатай болооп байна. Оюутан хүн хямд үнээр чанартай боловсрол, өргөн мэдлэг эзэмшинэ гэж байхгүй. Сургалтын төлбөр хэдий бага байна гэдэг тухайн сургуулийн хүчин чадал сул, сурах орчин төдий чинээ тааруу байгааг харуулдаг. Үүнээс улбаалаад сурч буй оюутан дундаж болон түүнээс доогуур түвшинд л мэдлэг боловсрол эзэмшинэ. Ингэж дундаж түвшний мэргэжилтэн болж бэлтгэгдэн гарсан хүн ажил дээр дундаж нэгэн болж хувирна, эсвэл өөрийн эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр ажил хийнэ. Одоо тоо биш ‘‘чанар’’-ыг эрхэмлэх цаг нь болсон. Их дээд сургуулиудынхаа сургалтын чанарыг яаж дээшлүүлэх вэ? Миний бодлоор бол нийгмийг тэргүүлэн авч явах ёстой оюунлаг залуусыг бэлдэхийн тулд төлбөр шиг төлбөртэй, цалин шиг цалинтай томоохон их сургуулиуд бий болгох хэрэгтэй. Нэгэнт өндөр төлбөртэй сургуульд орсон хэн боловч хамаг чадлаараа хичээн, хий хоосон дэмий суухыг хэн ч хүсэхгүй. Өндөр төлбөртэй их дээд сургуулиуд байвал үнэхээр мундаг мэргэжилтэн болохын тулд тийшээ хүмүүс орох л болно, шилдэг эрдэмтэд багшлах л болно. Оюутан хүний хамгийн гол зүйл болох сурах, мэдэхдээ сая гаруйхан төгрөг зарцуулчихаад үнэ цэнэтэй боловсрол, мэдлэг эзэмшинэ гэх нь утгагүй зүйл. Өмссөн хувцас, хэрэглэдэг утаснаасаа хямдхан үнээр дээд боловсрол эзэмшинэ гэдэг боловсролдоо дэндүү үнэ цэнэгүй хандаж буй хэрэг. Ингэж дээд боловсролыг үнэгүйдүйлж байгаа нь оюутнуудыг сурагчдаас дор харагдуулахад хүргэж байна. Өнөөдөр хувийн дунд сургуулийн төлбөр 5-7 мянган доллар болчихоод байхад оюутнуудын дээд боловсрол эзэмшихийн тулд төлдөг мөнгө тэднээс хэд дахин бага байгаа нь хачирхалтай… Ийм учраас л сургалтын орчин, нөхцөл, чанараа сайжруулж, сайн мэргэжилтэн бэлтгэмээр байвал сургалтын төлбөрийг нэмсэн шиг нэмэх хэрэгтэй юм болов уу. Ингэснээр хэрэгтэй, хэрэггүй их дээд сургуулиудын тоо цөөрч, чанартай чанаргүй мэргэжилтнүүдийн ялгаа ч гарна. Хэн дуртай нь их дээд сургуульд орж, аав ээжийнхээ цуглуулсан мөнгөөр архи уугаад явж чадахаа болино гэсэн үг. Болсон болоогүй дипломын тоо ч багасна. Тооны хойноос хөөцөлдөж, толгойтой бүхэн дээд боловсролын дипломтой болдог явдал багасна. Боловсролын салбарын үнэгүйдлийг арилгаснаар дипломын төлөө, цаг зав, хөрөнгө мөнгөө гарздах хүн ч цөөрнө. Өндөр төлбөр төлсөн хүн шөнө нь баар саваар хэсч, өдөр нь автобусанд нойр авсан шигээ ном сурахыг хүсэхгүй. Төлсөн мөнгөнийхөө хэрээр чанартай боловсрол нэхнэ. Дөрөв, таван жил өндөр төлбөр төлөөд дэлхийн аль ч улс оронд очсон нүүр улайхааргүй чанартай боловсрол, мэдлэг, дадлага эзэмших юм бол насан туршийнхаа эд баялагтай боллоо гэсэн үг биш гэж үү . Цаашлаад Монголын эдийн засаг, нийгэмд ихээхэн том хөрөнгө оруулалт болох нь эргэлзээгүй биз ээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549