Социалист эдийн засаг

access_time 2017-12-01
remove_red_eye 3012

Миний бие сүүлийн хэдэн жил дунд сургууль болон коллежийн оюутнуудад эдийн засгийн эрх чөлөө болон социализмын аюулын талаар лекц уншиж байна. Одоо өрнөж буй Венесуелийн эдийн засгийн хямрал бол социализмын нэгэн жишээ билээ. Социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нийгэм, эдийн засгийн тогтолцооны талаарх мэдлэгээ байя гэхэд “Хүйтэн дайн”-ы талаарх мэдлэг, өөрийн гэсэн дурсамж үгүй өнөөгийн залуучуудын дүүргэсэн дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт эдгээр сэдвүүдийг орхигдуулдаг нь том асуудал болжээ. Ингэж бодсоны дүнд, коммунизмын үед өнгөрсөн хүүхэд насныхаа дурсамжаа ашиглаад энэхүү нийтлэлээ бичихээр шийдлээ. Бичвэрийг маань урьд өмнө олон удаа туршигдаад тухай бүртээ бүтэлгүйтэж байсан үзэл санааг дэмжин буй өнөөгийн залуус уншина гэж найдаж байна.

Коммунист Чехословакт өссөн бивээр хэрэв баригдаад дуусвал нийтийн эмнэлэг болох тавилантай барилгын хажуугаар мөн ч олон удаа өнгөрч байв. Жижигхэн хэрнээ үзэмж муутай энэ дөрвөлжин хэлбэртэй байгууламжийн ажил тун ч удаан, нүд хуурсан маягаар явах аж. Нэг хэсгийг нь барьж байхад нөгөө хэсэг нь салаад уначихна.

Би саяхан Словакт очсон юм. Нэг өдөр нийслэл хот болох Братиславаар жолоо мушгин явахдаа хоёрхон жилийн өмнө эзгүй хээр мэт байсан толгодын дэргэд цоо шинэхэн хотхон боссоныг анзаарав. Орчин үеийн хэв загвараар баригдсан гоёмсог байшингуудын хажуугаар маш сайн чанартай хийгдсэн засмал зам, томоохон супермаркет харагдана.

Юуны учир хувийн компани хоёрхон жилийн дотор бүхэл бүтэн хотхоныг барихаар төлөвлөөд, бариад, зарж чадаж байхад коммунистууд 10 жилийн турш нэг жижигхэн барилгатай зууралдана вэ?

Эдийн засгийн шалтгаан л юм шүү дээ. Тэр хотхоныг барисан компани хүн төрөлхтний сайн сайхныг бодож үүнийг хийгээгүй. Компанийн эзэд буюу хувь эзэмшигчид ашиг олохын тулд л хотхоныг барисан юм. Эдийн засгийн ухааны эцэг гэгдэх Адам Смит 1776 онд “Бидний ширээн дээр буй зүйлс махны худалдаачин, шар айраг үйлдвэрлэгч эсхүл талхчны нинжин сэтгэлээс бус тэдний өөрсдийгөө бодсон сонирхолоос л үүдэн бий болсон юм” юм хэмээн бичиж байв.

Хэвийн ажиллаж буй зах зээлд зөвхөн нэг компани тухайн нэг төрлийн бараа, үйлчилгээг монополь байдлаар нийлүүлэх нь тун ховор. Өнөөх миний дурьдаад өнгөрсөн хотхонд амьдарч буй хүмүүсийн хувьд ч ижил. Тэд өөр газарт, өөр хүмүүсээс, өөр үнээр өөр байшин авч чадах л байсан. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн капиталистуудыг сайн чанартай, хямд бүтээгдхүүн хийхэд хүргэдэг. Чөлөөт зах зээл хүн бүрт ашиг тусаа өгдөг юм.

Коммунистууд ашиг болон өрсөлдөөнийг эрс эсэргүүцдэг ба ашиг хийх явдалыг ямар ч хэрэггүй бөгөөд ёс суртахуунлаг бус гэх байдлаар хардаг. Тэдний харж буй өнцгөөс капиталистууд ёс зүй гэх зүйлийг баримтлдаггүй аж. Гүүр барих, газар хагалах гэх мэт бодит гэж хэлж болох ажлийг ажилчид л хийж гүйцэтгэдэг ба ажилчдад хөлсийг нь өгсөнийхөө дараа тухайн капиталист хүн үлдсэн бүх ашгаа өөртөө авчихдаг гэж боддог коммунистууд капиталист анги ажилчин ангийг мөлждөг гэдэгтээ итгэлтэй нь аргагүй байдаг. Энэ нь тэдний ангигүй, эгалитари нийгмийнх нь зорилттой харин нийцдэггүй.

Гэсэн хэдий ч, капиталистууд нь нийгэмд огт хэрэггүй эсхүл ёс суртахуунгүй этгээдүүд биш билээ. Жишээ нь тэд гол төлөв шинэ технологид хөрөнгөө оруулдаг. Бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн Apple, Microsoft гэх мэт компаниуд анхны санхүүжилтээ хувийн хөрөнгө оруулагчдаас л олж авч байв. Тухайн хөрөнгө оруулалтанд зарцуулагдаж буй мөнгө өөрийнх нь халааснаас гарч буй учир хөрөнгө оруулагчид ирээдүйд ашгаа өгөх магадлал өндөртэй хөрөнгөө оруулалтын төслүүдийг төрийн ямбатануудаас илүүтэйгээр олж хардаг. Капиталист эдийн засагтай улсууд техник, технологи, инновацийн хувьд коммунист эдийн засагтай улсуудыг хол орхидогын шалтгаан нь чухам энэ юм шүү дээ.

Үүгээр ч барахгүй, шинэ бүтээлд хөрөнгө оруулан шинэ компани байгуулснаараа капиталистууд маань хэрэглэгчдийг санаанд багтамгүй гайхам бараа, үйлчилгээр хангадаг бөгөөд үүгээр зогсохгүй сая сая ажлын байрыг шинээр болгон, орлогын албан татвар гэх нэрийн дор хэдэн триллион доллар төрд тушаадаг. Мэдээж хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдгийг мартаж болохгүй. Капиталистууд ухаалгаар хөрөнгөө оруулсан үедээ л ашиг хийх ба хөрөнгө оруулалт нь амжилтгүй болвол санхүүгийн хувьд алдагдал хүлээх юм.

Харамсалтай нь, коммунистууд дээрх бичсэн зүйлийг минь авч хэрэгсээгүй агаад хувийн хөрөнгө оруулалт, хувийн өмч, эрсдэлээ үүрэн ашиг хийх явдалыг тэр чигт нь хориглосон юм. Гутлын үйлдвэр, гангын үйлдвэр гэх мэт томоохон гэж хэлж болохоор бүхий л хувийн өмчид байсан байгууллагууд нийгэмчлэгдэх буюу төрийн мэдэлд шилжсэн юм. Мухлаг, хувийн аж ахуйн ферм мэтийн жижиг бизнесүүдийн ихэнхид ижил зүйл тохиолдсон. Хүн бүр ажилчин болсон ба ажилчин бүр төрийн төлөө ажиллаж байв.

Шинээр бий болж болох тэгш буй байдлаас сэргийлэхийн тулд хүн бүрт ижил цалин тавиж эхлэв. Харин энэ нь том алдаа байсан гэдэг нь хожимоо батлагдсан билээ. Хичнээн махруу ажилаллаа ч илүү хөлс авдаггүй байсан учир цөөн тооны хүмүүс л хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг байлаа. Коммунистууд ажилчдыг суртал ухуулгаар дамжуулан идэвхжүүлдэг байв. Цог золбоо, хүч чадлаар бялхаж ядсан ажилчин хүнийг дүрсэлсэн зурагт хуудсууд Зөвлөлт гүрний өнцөг булан бүрт. Эцэж цуцахыг үл мэдэх уурхайчид болон тариачдын тухай кинонууд хүмүүст социалист үзэл суулгах гэж хийгдэнэ.

Гэсэн ч суртал ухуулга дангаараа ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж чаддаггүй байв. Ажлаас бултсан хүмүүс зарим үед хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр буудуулдаг байлаа. Тэднийг голдуу албадан хөдөлмөрийн лагерь болох ГУЛАГ руу илгээнэ. Заримдаа эрх мэдэлтнүүд ямар ч гэм зэмгүй хүмүүсийг санаатайгаар баривчлан шийтгэнэ. Коммунистууд харгис террор ажилчин ангийг илүү бүтээмжтэй ажиллахад нөлөөлж чадна гэж бодож байсан юм.

ЗХУ, Хятад, Камбожи болон бусад коммунист орнуудын сая сая иргэдийг төр нь хөдөлмөрийн лагерь луу хөөж байлаа. Тухайн лагериудын ажиллаж, амьдрах нөхцөл хүн тэсэхийн аргагүй аймшигтай байсан бөгөөд олон сая хүний амь тэнд үрэгдэж үгүй болсон. Коммунист Чехословакын эсрэг үзэлтэй нууц ардчилсан хүчнийг дэмжсэн гэх хэргээр өвөөгийн минь төрсөн ахыг Зөвлөлтийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийн мэдэл дэх уран олборлолын уурхай руу илгээж байв. Цацраг туяаны ямар ч хамгаалалтгүйгээр ажиллаж байсан тэрээр хорт хавдраар нас барсан юм.

1980-иад оны төгсгөл үед коммунист дэгмэлүүд хүчээ алдаж эхлэсэн ба хядлага, айдас, мөн ажлын бүтээмж ч буурч байлаа. Тухайн үед барууны энгийн үйлдвэрийн ажилчины бүтээмж польш ажилчиныхаас бараг л 8 дахин өндөр байв. Өөрөөр хэлбэл нэг ижил цагт нэг ижил материалаар польш ажилчин 1 ам.долларын бараа хийдэг бол баруун Европын ажилчин 8 ам.долларын бүтээгдхүүн хийдэг байсан гэсэн үг.

Ашиг олох гэсэн сэдлийг суртал ухуулга, аллага хядлагаар орлуулсан шигээ коммунистууд өрсөлдөөнийг монополь үйлдвэрлэлээр солисон юм. Капитализмын үед компаниуд хэрэглэгчийг татахын тулд үнээ буулган, бүтээгдхүүний чанарыг сайжруулан өрсөлддөг. Харин өнөөдөр хүүхэд, залуус Diesel, Guess, Calvin Klein, Levi’s болон бусад компаниудын хийсэн жинсэн өмднүүдээс дуртайгаа сонгон авах боломжтой болжээ.

Коммунистууд иймэрхүү өрсөлдөөнийг үр ашиггүй, иррациональ гэж бодож байв. Коммунист улсууд автомашин, гутал, угаалгын машин гэх тодорхой нэг барааны тогтсон нэг монополь үйлдвэрлэгчтэй байх хандлагтай байлаа. Гэсэн ч удалгүй асуудал гарч ирсэн юм. Коммунист улсууд дахь үйлдвэрлэгчид хэнтэй ч өрсөлдөх шаардлаггүй учир бүтээгдхүүнийхээ чанарыг сайжруулах шаардлага тэдэнд байсангүй. Баруун Германд 1989 онд үйлдвэрлэсэн BMW 850 автомашиныг Зүүн Германд үйлдвэрлэсэн Trabant гэх машинтай харьцуулахад л хангалттай.

Гаалийн өндөр татвар, элдэв хоригуудаар гаднаас орж ирэх өрсөлдөөнийг хоридог байсан учир үйлдвэрлэгчид өрсөлдөөн гэж зүйлийг мэддэггүй байв. Тухайн үеийн хэрэглэгч, худалдан авагчдыг хороондоо хашигдсан хоньтой зүйрлэхэд буруудах зүйлгүй. Тиймдээ ч Trabant автомашиныг үйлдвэрлэгчдэд хэрэглэгчээ алдана гэхийн зовлон үгүй байлаа.

Гэвч зөвхөн үйлвэрлэгчдийг энэ бүхэнд буруутгах нь өрөөсгөл. Тухайн автомашины үйлдвэрт ажиллагсад үйлдвэрлэсэн автомашины тооноосоо үл хамааран ямагт нэгэн ижил цалин авдаг байв. Үүний улмаас автомашины нийлүүлэлт зах зээлийн шаардлагатай хэмжээнд хэзээ ч хүрдэггүй байсан. Зүүн Германы иргэд автомашин авах гэж хэдэн жилээр, зарим тохиолдолд 10 жил ч хүлээдэг байсан. Үнэндээ элсэн чихэр гэх мэт өргөн хэрэглээний бараанаас авахуулаад автомашин гэх мэт нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байсан бүхий л зүйлс хаа сайгүй л хомсдолтой байдаг байсан ба хэзээ дуусах нь үл мэдэгдэх оочир (очередь) бидний амьдралын нэгэн хэсэг байлаа.

Чөлөөт зах зээлийн үед аливаа нэгэн барааны хомсдол ерөнхийдөө үнийн хөдөлгөөний тусламжтайгаар шийдэгддэг. Үндэсний валют гэх мэт зарим зүйлсийн үнэ бараг л секунд бүхэн өөрчлөгдөнө. Харин бусад бараануудын үнэ арай удаанаар. Гүзээлзгэний хомсдол үүссэн байлаа гэж бодьё л доо. Хэрэв ийм зүйл болвол гүзээлзгэний үнэ өсөх ба худалдан авах чадамжтай хүний тоо буурна. Үнэхээр гүзээлзгэнд дуртай эсвэл ямар ч үнэтэй байсан авахад асуудалгүй хүмүүс тэр гүзээлзгэнийг авж таарах юм.

Үнийн хөдөлгөөн капиталистуудад тун ч чухал мэдээллэл болж өгдөг. Хэрэвзээ ямарваа нэгэн барааны нь үнэ өсөж байвал тухайн зүйл тийм ч их хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдээгүй байна аа гэсэн үг. Ашиг ольё гэсэн шинэ хөрөнгө оруулагчид орж ирсэнээр нийт бүтээгдхүүний үйлдвэрлэл өсөх бөгөөд ингэснээр үнэ буурч тухайн бүтээгдхүүний үнэ тэнцвэржих юм.

Үнэ гэгч мэдээллийн хамгийн чухал эх сурвалж. Харин энэ үнэ гэгч хаанаас гарч ирдэг юм бэ? Чөлөөт эдийн засгийн үед хэн ч дураараа үнэ тогтоодоггүй юм. Үнэ зах зээлийн жамаар аяндаа тогтдог. Жишээ нь би ажилдаа явах бүртээ кофе худалдаж авдаг. Энэ нь би кофены буурцагны үнийг өсгөж байна гэсэн үг. Хэрвээ би өдөр бүр худалдаж авдаг кофегоо ажилдаа хоцрох гээд авч чадаагүй бол энэ нь кофены үнийг бага ч гэсэн хэмжээгээр буулгана. Хэрэв хэн ч кофе худалдан авахаа больчихвол кофены үнэ навс унах юм.

Коммунистууд ашиг, бизнес эрхлэгчид, өрсөлдөөн, чөлөөт худалдаа, хувийн өмч зэрэг үнэ бий болоход суурь нь болж өгдөг бүхнийг хориглож байсан. Талхнаас трактор хүртэлх бүхий л барааны үнийг төрийн албан тушаалтнууд жил тутам шинэчлэн тогтоодог байлаа. Яг хэдий хэр талх хэрэгтэйг, үйлдвэрлэх ёстойг мэдэхгүй учир тэдгээр хүнд сурталтнуудын тогтоосон үнэ ер нь үргэлжид алдаатай байв.

Үйлдвэрлэлийн бүтээмжгүй байдалтай хоршин үнэ тогтоох систем барааны хомсдолыг улам ч гааруулдаг байв. Хэрэв гурилын үнэ хэт өндөр байвал талхны үйлдвэрийн талх үйлдвэрлэх хэмжээ багасах ба үүний улмаас дэлгүүрүүдээр талх харагдахгүй болно. Харин гурилын хямд байвал хэт их хэмжээгээр талх хийснээр тэр нь дэлгүүрийн лангуунд хатаад дуусах юм. Өөрөөр хэлбэл коммунист эдийн засаг ямар ч үр ашиггүй байв.

Коммунистууд заримдаа үнийг албаар буруу тогтооно. Улс төрийн ямарваа нэгэн шалтгаанаар махны үнийг доогуур барилаа. Энэ нь бусад улсуудад хуурамч ойлголт төрүүлэх л зорилготой. Төрийн албан хаагчид гадны улсуудаар зорчихдоо Зөвлөлтийн иргэдийн махны хэрэглээ барууны хүмүүсийнхээс өндөр хэмээн гайхуулдаг байсан ч үнэн хэрэгтээ дэлгүүрүүдийн ихэнх нь хоосон байдаг байв. Энэ нь мөнгөн тэмдэгтийн хэрэглээг тун хязгаарлагдмал байдалтай болгоно. Коммунист улсуудад амьдарч байсан маш олон хүн амьдрахын тулд бартер хийдэг байсан юм.

Коммунизмын үед бүхий л үйлдвэр, дэлгүүрүүдийг төр өөртөө өмчилдөг байсан учир хүмүүс бусадтай солио хийж болохоор зүйлтэй болохын тулд хулгайлах шаардлагатай болдог байв. Жишээ нь, махны худалдагч ногооны худалдагчтай түүний хулгайлсан ногоог өөрийнхөө хулгайлсан махаар солино. Энэхүү үйлдэл нь үр өгөөжтэй бус хэрнээ гол нь ёс суртахуунаас гажууд. Худал хэлж, хулгай хийх нь нийтийн жишиг болсон бөгөөд хүмүүсийн нэгэндээ итгэх итгэл алдарсаар байв. Ахан дүүсийн хайраар нэгнээ хайрлах ёстой байсан хүмүүс маань бусдыгаа сэжиглэдэг, тэдэндээ таатай ханддаггүй байлаа.

Мэдээж барааны хомсдол хүн бүрт адил тэгш үйлчилдэггүй байсан. Төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн тухайн цаг үед тусгай дэлгүүр, тусгай сургууль, тусгай эмнэлэгээр үйлчлүүлдэг байсан учир коммунизмын бараан талыг хардаггүй байв. Коммунизм анх хүчээ авахдаа хүн бүрт тэгш байдал амлаж байлаа. Гэвч бодит байдал дээр энэ нь феодализм болж хувирсан. Феодалын нийгэмтэй жишихэд коммунист нийгэм нь намын гишүүд гэх язгуурнуудтай, хязгаарлагдмал үгүй бол ямар ч эрх үгүй ажилчин анги буюу хамжлага ардуудтай байв. Мөн хамгийн гол нь харгислал, хүчирхийлэл дээр тогтдогоороо эдгээр нийгмийн тогтолцоонууд ижил.

Жич:

Надаас заримдаа коммунизм ямар ч үр ашиггүй юм бол яагаад тийм удаан оршин тогтносон юм бэ гэж асуудаг л даа. Үүний нэг шалтгаан нь коммунистууд хүчирхийллээр тогтолцоогоо тогтоон баридаг байсан юм. Нөгөө шалтгаан нь эдийн засгийг харилцаа явагдахад тусалж байсан хууль бусаар наймаа хийгчид юм. Жишээ нь коммунист гутлын үйлдвэр цавуугаар дутвал үйлдвэрийн менежер нууц түнш рүүгээ ярин асуудлаа зохицуулна. Тэрхүү хууль бус наймаачин бусад үйлдвэрээс эсвэл гадаадаас цавууг олж ирнэ. Контрабанд хийх нь хууль бус ч гэсэн хэдэн ч жилээр хүлээлгэж мэдэх төрийн хүнд сурталтнуудтай наймаалцахаас амар байх аж. Дүгнэж хэлэхэд коммунизмын урт удаан хугацаанд нуран унаагүй шалтгаанийг хар зах буюу бодит зах зээл бий болсонтой хамааруулж үзэж болно.

Нийтлэсэн: Мариан Тюпай

Орчуулсан: Х.Билгүүнбаяр

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549