Манжийн сүүлчийн эзэн хаан Хенри Фү И. Хятадын шоронд 50 настай үеийнх нь зураг...

Монголыг 220 жилийн турш эрхшээлдээ оруулсан Манж Чин улсын сүүлчийн эзэн хаан Пу И дөнгөж хоёр настайдаа буюу 1908 оны 12 дугаар сарын хоёронд хаан ширээнд заларчээ. Тэрээр энэ ёслолын үеэр “Гэртээ харимаар байна” хэмээн уйлахад эцэг нь “Тэвч, хүү минь. Удахгүй бүх зүйл дуусна” хэмээн аргаджээ. Эцгийнх нь хэлсэн үг зөнтэй байж, тэрээр удалгүй хаан ширээнээсээ буусан юм.


Айсингиоро Пүи 1906 онд Бадаргуулт төр хааны дүү Чунь чин ван Зайфөнгийн ахмад хүү болон төржээ. Өвөг нь Чунь чин ван Ишюань бөгөөд элэнц нь Төр гэрэлт хаан юм. Пүигийн эх нь манжийн гувалгия овогт Юлань (1884–1921) байв.


Бадаргуулт төр хаан, Цыши хатан эх нар өөд болсны дараа 3 настай Пүиг шинэ хаан өргөмжилсөн бөгөөд оны цолыг монголоор Хэвт ёс, манжаар Гэхүнгэ ёсо, хятадаар Шюаньтун - Xuantong гэсэн. Төрийн хэргийг хааны эцэг Чунь ван шийдэж байв. Пүи ордонд Вэн Чаован гэдэг асрагчтай байсан бөгөөд төрсөн эхтэйгээ долоо жилийн турш уулзаагүй.
Цагаагчин гахай жилийн хувьсгалаар Хятад орон Чингийн хаанд захирагдахгүй болж, Юань Шикайн боловсруулсан хааныг татан буулгах нөхцөлд хааныг төлөөлөн бэлэвсэн их хатан Лунъюй 1912 оны 2 сарын 12-нд гарын үсэг зуржээ.


Синьхайн хувьсгалаас дөрвөн жилийн дараа Хятад орон бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ бяцхан Пу И хүү хаа­ны бүрэн эрх ямбатай “Тэнгэрийн хөвгүүн” хэвээр үлдсэн байна. Тэрээр улсаа захирах эрхээ хасуулж, өндөр дээд тушаалтан хэвээр үлдсэн ч эх орондоо харийн хүн болон хувирчээ.
Пу И хүүг Хориотой хотоос гарахыг хориглосон тул тэрээр амьдралынхаа 16 жилийг 10 м өндөр ханан дунд өнгөрөөжээ. Ухаантай, сэргэлэн хүү хоригийг зөрчиж, хотоос гарахыг хүсдэг ч 72 га талбайтай энэ хашаанд түүнийг мянга мянган хүн харгазлдаг байв.


1924 онд Хориотой хотод босогчид дайран орж, 18 настай хааны бүх эрх дархыг хүчингүй болгов. Пу И-д хоёр долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд тэрээр алт, үнэт эрдэнэсээ аваад хар­сан зүг рүүгээ зугтжээ. Пу И бараа бологч, зарц на­раа дагуулан Хятадын хойд нутаг руу явсан ч чонын амнаас гараад барын аманд орсноос ялгаагүй болов. Учир нь тухайн үед Манжуурыг япончууд хянаж байжээ. Тэд Пу И-г Тяньжинд ирж суурьшсан мөчөөс хараагаа салгасангүй.

1932 оны гуравдугаар сарын нэгэнд япончууд түүнийг Манж Го хэмээх тоглоомын улсын хаанаар өргөмжилж, утсан хүүхэлдэй болгон хувиргажээ. Пу И 13 жилийн турш зөвхөн баримт бичгүүд дээр гарын үсэг зурсаар ЗХУ, Японы дайныг хүргэв.

Тэр 39 настайдаа Хаба­ровск хотод олзлогджээ. Пу И-г Японы милитаристуудтай нэгдсэн хэмээн буруутгаж, найман зарц, 29 амбан түшмэлтэй нь Зөвлөлтийн лагерьт хорилоо. Тэрээр энд гадаад ертөнцтэй тасарсан ч бусдаар их хүндлүүлж байлаа. Их гүрний хаан асан тэрээр хоригдох хугацаандаа багын дуртай цэцэрлэгжүүлэлтийн ажлаа хийж, Маркс, Энгельсийг шүтэн биширдэг болжээ. Ийнхүү тэрээр коммунизмд бүрэн итгэж, улмаар Токиод болох Японы милитаристуудыг шүүх хуралд оролцох хүсэлт гаргалаа. Мэдээж Пу И-гийн энэ шийдвэрт чекистүүд нөлөөлсөн аж. Мөн Манжийн сүүлчийн хаан хорих лагерьт байхдаа большевикуудын намд элсэхээр шийдэж, Сталинд бичгээр хүсэлт гаргажээ.

Тэрээр ЗХУ-д хоригдол маягаар аж төрж байсан ч энэ улсаас явахыг хүссэнгүй. Иймээс тэрээр Хориотой хотоос авч ирсэн алт, мөнгөн эдлэл, сувдан чимэглэлээ онгоцонд ачиж, Москва руу явуулав. Сталин түүний үнэт бэлгэнд уярч, талархлын захидал, Карл Марксын хэдэн боть ном явуулжээ. Гэвч Манж Чин гүрний үнэт эрдэнэс хааныхаа хоригдох хугацааг сунгахад нэмэр болсонгүй. ЗХУ БНХАУ-тай сөргөлдөх хүсэлгүй байснаас 1950 оны зургаадугаар сарын 14-нд тогтоол гаргаж, Пу И-г Хятадад шилжүүлэхээр болов. Үүнийг мэдээд “Тэнгэрийн хүү” амиа хорлохыг оролдсон ч бүтсэнгүй, түүнийг 14 хоногийн дараа эх оронд нь хүлээлгэн өгчээ.

Хөөрхий хааныг эх орон нь тийм ч баяртай угтсангүй. Пу И-г галт тэргээс дөнгөж буумагц цэргийн гэмт хэрэгтэн хэмээн, засан хүмүүжүүлэх төв рүү илгээв. Энд тэрээр шинэ дэглэмийн үзэл суртлыг сонсон, есөн жилийг үджээ. 1959 онд Пу И суллагдав. Тэрээр БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хү­рээлэнд ажиллаж, хараа хяналтгүй амьдралд алгуурхан дасч байлаа.

1962 онд Пу И 37 настай, сувилагч Ли Шусяньтай танилцжээ. Бүсгүй хөрөнгө мөнгөгүй, цэцэрлэгч өвгөнд дурлаж, улмаар тэд гэрлэсэн байна. Ийнхүү орон гэргүй хаан насныхаа эцэст өөрийн гэсэн байшинтай, халамжит ханьтай болж, жаргажээ.

Манжийн сүүлчийн хаан өглөө бүр Ботаникийн хүрээлэн рүү, үдэш болохоор гэрийн зүг яарсаар амьдралын хамгийн жаргалтай үеэ өнгөрөөж байлаа. Чамин тансагт умбаж өссөн Пу И амьдралын наад захын зүйлийг ч мэддэггүй байж. Түүний эхнэр “Нөхөр маань нусны алчуур угаах гэх мэт ойр зуурын ажлыг огт мэддэггүй. Нэг удаа би үүнээс болж багтартлаа уурлан, сална гэхэд хөөрхий минь сөхөрч суугаад, нулимсаа цийлэнүүлэн байж, “Энэ дэлхий дээр надад чамаас өөр хэн ч байхгүй. Чи бол миний цорын ганц амьдрал. Хэр­вээ чи надаас явчихвал би шууд үхнэ” гэж билээ” хэмээн дурсчээ.

Гэвч Пу И өөрөө ханиасаа үүрд явсан юм. Манжийн сүүлчийн хаан хорт хавдрын улмаас 1967 онд нас эцэслэжээ.