Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Эл явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрч байгаа юм. Японы сэтгүүлчид Харүмафүжи Д.Бямбадоржийн байрлаж буй газарт хэд хоног шавж KBS-ээс эхлээд зарим хэвлэл нь монголчуудын байр суурийг сонсохоор манай оронд хүрэлцэн ирээд байгаа.
Өчигдөр буюу баасан гаригаас Японд эл асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ.

Үйл явдлын талаар үнэн мэдээллийг өгөхөд Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар тухайн газарт байсан нь үнэн бөгөөд маргалдсан нь ч үнэн юм байна. Гэхдээ лонхоор толгой руу нь цохисон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл ажээ. Ам мурийж улмаар заамдалцан нэгнээ түлхэж, нудралцсан төдий асуудлыг Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката ашиглан ийм хэмжээний сенсаци дэгдээхэд хүрчээ. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд очсон ч тэд зугтжээ.

Ингэх шалтгаан бий гэнэ. Тодруулбал, Таканохана Ояката удахгүй Сумогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж буй юм байна. Ямар нэгэн саад тотгоргүйгээр Сумогийн холбооны ерөнхийлөгч болохын тулд, дэвжээнийхээ болоод өөрийнхөө нэр хүндийг өсгөхийн тулд ийнхүү ам мурийх төдий үйлдэл гаргасан Монголын хоёр сумочийг ашигласан нь тодорхой болж байгаа юм байна. Таканохана Ояката нь сумогийн ертөнцөд хамгийн хорчин гэдгээрээ алдартай нэгэн ажээ.

Үүнийг нь ч батлах дараагийн баримт ил болоод байна. Тодруулбал, Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрчээ. Магадгүй маргаан, зодооныг санаатай зохион байгуулсан уу гэдэг асуулт хүртэл тавигдан шалгах магадлалтай байгаа юм байна.

Ийнхүү эл хэрэгт зөвхөн Монголын хоёр сумоч бус Таканоива А.Баасандоржийн багш Таканохана Ояката болон шүүх эмнэлэг, дүгнэлт гаргасан эмч нь хүртэл гэрч, сэжигтнээр татагдан хамрах хүрээ нь тэлжээ. Одоогийн байдлаар Харүмафүжи Д.Бямбадорж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа мэдээлэл байна.

Эх сурвалж: medee.mn