Батаг Цэцэгээ

access_time 2017-12-01
remove_red_eye 4664

“Бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэр адил Монгол сэтгэлгээ”
Монголын бизнесийн орчин өнөөдөр хүндхэн байдалд ороод буйг Бизнес эрхлэгчид, татвар т­өлөгчдийн өнөөгийн байдлаас бэлэхнээ харж болно. Ийм нөхцөл байдлаас гарах цаашлаад улсын эдийн засгийг сайжруулахын тулд бизнесийн орчныг улс төрөөс хараат бус байлгах нь нэн чухал асуудал болоод байгаа юм.
Гэвч бизнес эрхлэгч иргэд өөрийн бизнест туслах “Хэн нэгэнд найдсан хэвээрээ л”…
Хэрэв энэ бодлоосоо ангижирч өөрийн бололцоот чадамжаараа аливаа саад бэрхшээлийг даван гарч бизнесээ өөрийн хүчээр хөгжүүлж өргөжүүлэх нь таны бизнес учирч болох эрсдэлийг бууруулах юм.
Нэгэн жишээ дуръя: Цэцгээ бол маш сайн оёдолчин. Түүний ээж ч бас удам дамжсан сайн оёдолчин байсан. Тэрээр монголын томоохон их сургуулийг төгссөн дээд боловсролтой бүсгүй. Цэцгээ хүмүүсийн хүссэн загвар хийцээр юм оёсоор байгаад ямар ч материал, дизайнаар хувцас урлаж чаддаг болсон төдийгүй өөртөө маш их туршлагыг хуримтлуулж чадсан их бүтээлч мундаг бүсгүй.
Өөрөө жижиг хэмжээний оёдлын цехтэй. Анх оёдлын машингүй цехээ эхэлж байсан бол одоо 5 оёдолчинтой болсон. Одоо Цэцгээ өөрийгөө оёдлын цехтэй ч гэж ярьдаг, оёдлын жижиг үйлдвэртэй ч гэж ярьдаг. Тэд олон томоохон байгууллагуудаас захиалга авч ажилчдын хувцас хэрэглэл оёсоор одоо боломжийн жижиг цех болж өргөжиж чадсан бөгөөд ажилчдынхаа цалинг ч хангалттай өгч чадахуйц хэмжээнд хүрсэн. Мөн Цэцгээ өөртөө байр, машинтай болж амжсан.
Цэцгээ зүгээр нэг захиалгын хувцас оёод зогсохгүй дэлхийн алдартай брэнд “Louis Vuitton” шиг брэндтэй болохыг хүсдэг. Харин эдийн засаг хямарч Цэцгийн мөрөөдөл багахан саад учираад байгаа. Гэвч тэрээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд Итали, Францын алдартай загварын сэтгүүлүүдийг уншиж судалж, өөртөө хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулдаг.
Цэцгээд одоо тулгамдаж буй нэг том асуудал бий. Түүний ажилуулж буй цехийн байр өөрийн өмч бус түрээсийнх бөгөөд банкнаас зээл авах хүсэлт гаргахаар өөрийн өмч бус түрээсийн байр учираас зээл авах боломжгүй гэсэн хариултыг өгдөг. Түүний ажлын байр өөрийн өмч биш учираас зээл авах боломж нөхцөл огт бүрддэггүй. Ураг төрлийн садангуудаасаа тусламж авахыг хүссэн ч хамаатнууд нь түүнд туслах тиймч боломж бололцоотой хүмүүс биш учир төдийлөн тус болж чаддаггүй.
Гэвч Цэцгээ өөрт нь хэн нэгэн бизнесмэн түүнд хөрөнгө оруулалт хийж туслаасай гэж хүсдэг ч яаж хэрхэн холбогдохоо мэддэггүй. Тиймээс Цэцгээ улс орны эдийн засгийн хямрал сайжирч төрөөс бизнес эрхлэгчидээ дэмжин хөнгөлттэй нөхцөлөөр зээл олгож туслаасай гэж хүсдэг. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлт эдлүүлж төрөөс ямар нэгэн шахалт дарамт үзүүлэхгүй, үл хөдлөх барьцаалах шаардлагагүйгээр тухайн бизнесийг нь барьцаа болгож төрөөс хөнгөлөлттэй зээл олгодог болоосой гэж хүсч байгаа юм. Хэдийгээр тэр энэ бүхнийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч бодит байдал дээр энэ бүхэн хэрэгжиж чадахгүй байгаа.
Цэцгээ өөрийн оёсон бараа бүтээгдэхүүнээ томоохон зах худалдааны төвүүдэд зарж борлуулж болох ч манай улсад импортоор орж буй бараа бүтэгдэхүүнүүд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс хямд төдийгүй, загварлаг биед эвтэйхэн сонголт их байдаг учираас тэднээс хямд борлуулах боломжийг аль болох эрэлхийлдэг ч тэр бүр боломж олддоггүй юм.
Тиймээс Цэцгээ үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж үлдэхийн тулд импортоор орж ирж байгаа бараануудад квот тогтоож жилд тэдэн ширхэг импортын бүтээгдэхүүн оруулж ирэх эсвэл импортын бараанд өндөр татвар төлдөг болоосой гэж хүсдэг. Хэрэв ийм боломж байвал Цэцгээ өөрийн бараа бүтээгдэхүүнээ импортын бараа бүтээгдэхүүнээр сольж томоохон зах худалдааны төвүүдээр зарж борлуулж зээл авалгүйгээр өөрийн бизнесээ өргөжүүлж чадна гэж боддог. Гэвч энэ бүхэн одоогоор нэг нь ч биелээгүй хүсэл төдийхөн л байгаа юм.
Цэцгээгийн найз Сайнаа бол түүний сайн найз төдийгүй түүнтэй ижил мэдлэг түвшиний оёдолчин. Сайнаа эдийн засаг хямралгүй үед улсаас их хэмжээний зээл тусламж авсан боловч өөрийн гар дээр дөнгөж талыг нь л авч чадсан. Тал хувийг нь зээл авч өгөхийн тулд зуучилж өгсөн зээлийг нь баталж өгсөн төрийн албан тушаалтнууд өөрсдийн зуучилж зээл авч өгсөний хөлсөнд авсан. Гэвч Сайнаа хүн харахад бизнесээ өргөжүүлж ажлын байраа томруулж, тоног төхөөрөмжөө өргөжүүлж, олон ажилчид нэмж авсан хэдий ч өөрийн хүчээр бизнесээ авч явж буй Цэцгээгээс дор байдалд орсон.
Сайнаа Цэцгээ хоёр бүх зүйл дээр ижил түвшинд байдаг бөгөөд амьдрал дээр найзууд хэдий ч бизнесийн хувьд тэд өрсөлдөгчид юм. Гэвч Сайнаа зээл авсан хөрөнгө мөнгөөрөө маш олон ажилчид аваад маш их хэмжээний материал авч олон төрлийн бүтээгдэхүүн гаргасан ч түүнийгээ борлуулж чадахгүйд хүрч маш хямдаар зарж борлуулж эхэлсэн. Мөн ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч зээлийнхээ өрөнд бараа бүтээгдэхүүнээ өгч төрөөс авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Цэцгээгийн хүсээд байсан төрийн дэмжлэг туслалцааг Сайнаа авсан хэдий ч тэр энэ боломжоо зөв ашиглаж чадаагүй.
Гэвч Цэцгээ Сайнаад битүүхэндээ атаархаж Сайнаа шиг төрөөс зээл авсан бол бизнесээ өргөжүүлж хөгжүүлж чадах байсан гэж боддог. Мөн Цэцгээ эдийн засгийн хямрал багасвал би ч гэсэн Сайнаа шиг төрөөс зээл авч бизнесээ өргөжүүлж чадах болов уу эсвэл Сайнаа шиг байдалд орох болов у хэмээн хааяа эргэлздэг. Гэсэн хэдий ч төрөөс ямар нэгэн дэмжлэг туслалцаа авахыг хүсдэг…
Сайнаа Цэцгээ хоёр нэг өдөр тааралдаад Сайнаа Цэцгээд аминчлан ингэж захижээ. Сайнаа хэлэхдээ “Би ерөөсөө зээл авч төрөөс дэмжлэг авах шаардлагагүй байжээ. Ажилчдаа яаж удирдах уу, ажилчдынхаа нөхцөл бололцоог ашиглан яаж чанартай хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах вэ гэдэгт суралцах ёстой байж. Шууд их мөнгөөр томоохон үйлдвэрлэл явуулах биш бага багаар хөгжих ёстой байсан гэдгийг ойлголоо. Шууд төрөөс их хэмжээний мөнгө аваад тэрийгээ борлуулж чадахгүй их хэмжээний өрөнд орсон учираас одоо Нарантуул ОУХТөвд хамаатныхаа эгчийн лангуун дээр гуйж суух хэмжээнд хүрчихлээ. Би нэг талаараа төрөөс дэмжлэг авч бизнесээ өхгөжүүлсэн нь нэг бодлын азтай боловч нөгөө талаар маш хүнд байдалд орж их хэмжээний өрөнд орж ар гэр бизнес гээд бүх л талаараа хүндхэн байдалд байна” гэдгээ Цэцгээд ний нуугүй ярьсан.
Харин Цэцгээ Сайнаагийн хэлсэн үгнүүдийг бодож тунгаан төрөөс ямар нэгэн дэмжлэг тусламж хүлээхээ больж өөрийн бодит чадвар, нөхцөл бололцоонд тулгуурлан хэрхэн чанартай, загварлаг, хямд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах талаар бодож судлах болсон. Түүнчлэн Цэцгээ хэн нэг бизнесмэн ирж түүнд хөрөнгө оруулахыг, эдийн засаг сайжирч түүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл тусламж олгохыг хүлээхээ больсон төдийгүй хэн нэгэнд найдах хэрэгггүй гэдгийг хангалттай ойлгож авсан.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Холбоо барих: 8900-4549